Барилгын ажилд хэрэглэгддэг байсан асбест хэмээх хортой материалтай ажилласны улмаас эрүүл мэндээрээ хохирсон ажилтнууд болон тэдний гэр бүлийн гишүүдтэй Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ мягмар гарагт уулзжээ.
Уулзалтын үеэр Сүга Ёшихидэ Япон улсын Засгийн газрын нэрийн өмнөөс тэдгээр барилгын ажилтнуудаас хүлцэл өчжээ.
“Болсон явдалд би гүнээ харамсаж буй бөгөөд засгийн газрын нэрийн өмнөөс уучлалт гуйж байна” хэмээн түүнийг мэдэгдсэнийг Японы олон нийтийн телевиз эш татан мэдээлэв.
Өмнө нь асбест хэрэглэдэг байсан барилгын ажилтнуудын эрүүл мэндэд хохирол учруулсны хариуцлагыг засгийн газар, барилгын компаниуд хүлээх ёстойг тусгасан Японы дээд шүүхийн шийдвэртэй холбогдуулан Сүга Ёшихидэ эрүүл мэндээрээ хохирсон иргэдтэй уулзжээ. Дээд шүүх ийм шийдвэр гаргаснаараа 2008 оноос хойш үргэлжилсэн энэ асуудлаар шүүхэд гомдол гаргасан барилгын ажилтнуудын талд анх удаа зогсжээ.
Хорт хавдар үүсгэгч материалтай шууд харьцсаны нөлөөгөөр янз бүрийн хорт хавдар тусаж, эрүүл мэндээрээ хохирсны улмаас олон зуун ажилтан нас барсан тохиолдол Япон улсад өмнө нь гарсан байна. Иймэрхүү материалыг барилга дээр ашиглахыг 2005 онд бүрэн хориглосон байна.
Үүнтэй холбогдуулан эрүүл мэндээрээ хохирсон ажилтнуудад эрх баригчид нөхөн төлбөр олгоход бэлэн байна. Нөхөн төлбөрийн хэмжээ 13 сая иенд хүрч магадгүй аж.