Урьдчилсан байдлаар 23 хүний шинжилгээний хариу гарч, коронавирус илрээгүй хэмээн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр танилцууллаа.
Тэрбээр хэлэхдээ, "2020 оны 3 сарын 9-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 7 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Мөн энэ сарын 10-нд сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал 98 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ, эмчийн үзлэг хийж байна. Урьдчилсан байдлаар 23 хүний шинжилгээний хариу гарч, коронавирус илрээгүй. Энэ нь хавьтлуудыг дэс дараатай, цаг хугацаа зөрүүтэй цуглуулсан учир 98 хүний шинжилгээний хариу ар араасаа гарна. Тиймээс эхний 23 хүний шинжилгээний хариу гараад байна. Энэ сарын 10-нд ХӨСҮТ-д сэжигтэй 4 тохиолдол тусгаарлагдаж, тандалт судалгаа хийж байна. Мөн ажиглалтад ХӨСҮТ-д 103 хүн, Жаргалант сувилалд 6, Асралт мед эмнэлэгт 23 нийт 132 хүнийг тусгаарлаад байна. Бид БНСУ, Итали улсыг ажиглаж тэдний мэдээг дамжуулж байгаа шиг дэлхий нийт Монголыг ажиглана. Тиймээс Монгол хүний ёс жудаг харагдана. Францын иргэний биеийн байдал одоогоор хүндэвтэр байна. Тиймээс монгол эмчийн ур чадварыг гаргах ёстой. Дараагийн хүмүүсийн шинжилгээний хариуг тухай бүрт нь мэдээлнэ” гэв.