УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав нэр төр, алдар хүндээ сэргээлгэж няцаалт хийлгэхээр шүүхэд хандсан бол сэтгүүлч Н.Өнөрцэцэг мөн адил нэр төр, алдар хүндээ сэргээлгэж, уучлалт гуйхыг даалгахаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаад байсан юм.
Тодруулбал, Ц.Гарамжавын нэхэмжлэлтэй, хариуцагч “Ган Үзэгтэн” ХХК, Н.Өнөрцэцэг нарт холбогдох “Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасныг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр дамжуулан няцаалт хийхийг даалгах” тухай болон Ц.Гарамжавт холбогдох “Ц.Гарамжавын оролцсон “Улаан бал” ярилцлага нэвтрүүлгийн 2021.04.20-ны өдрийн дугаарт оролцохдоо нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсаныг сэргээлгэж, тухайн нэвтрүүлгээр дамжуулан уучлалт гуйлгахыг даалгах” тухай Н.Өнөрцэцэгийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаан тавдугаар сарын 14, 17-ны өдрүүдэд үргэлжилсэн юм.
Шүүх Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2-т заасныг баримтлан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний тухай хуулийн заалтууд:
21.2.Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ.
21.3.Бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21.2-т заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ.
497 дугаар зүйл. Гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл
497.1.Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
511 дүгээр зүйл. Эдийн бус гэм хорыг арилгах
511.2.Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно.
Эх сурвалж: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар
Н.Өнөрцэцэг хоёр жилийн хугацаанд бодит биш үнэнд нийцэхгүй мэдээллийг тарааж бусдыг гутаасан
Шүүхийн энэхүү шийдвэртэй холбогдуулж нэхэмжлэгч Ц.Гарамжавын өмгөөлөгч "Өнгөрсөн баасан гарагт эхэлсэн шүүх хурал орой болж завсарлаад өнөөдөр шүүх хурал үргэлжилсэн. Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч Ц.Гарамжавын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Н.Өнөрцэцэг хоёр жилийн хугацаанд бодит биш үнэнд нийцэхгүй мэдээллийг тарааж бусдыг гутаасан байдаг" гэв.
Ц.Гарамжав сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шантаажчин гэж хэлсэндээ уучлалт гуйхыг шүүхээс даалгаж шийдлээ
Харин Сэтгүүлч Н.Өнөрцэцэг шүүхийн шийдвэрийн тухайд, "Хоёр жил маргасан бидний маргааныг ХУД-ийн анхан шатны шүүхийн гурван шүүгч дэнслэв. Миний гаргасан хоёр хүсэлт, Ц.Гарамжавын гаргасан хоёр хүсэлтийг тус бүрд нь хангаж шийдлээ. Өөрөөр хэлбэл Ц.Гарамжав бид хоёр нэг нэгнээсээ уучлалт гуйхаар боллоо. Ц.Гарамжав сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шантаажчин гэж хэлсэндээ уучлалт гуйхыг шүүхээс даалгаж шийдлээ.
Нэгдүгээрт: Ц.Гарамжавын 10 тэрбумын үүсмэл өр төлбөрийг сэтгүүлч мэдээлэхдээ ЗЭЭЛ гэж мэдээлсэн нь бодит үнэнтэй нийцэхгүй байна гэж үзлээ. Өөрөөр хэлбэл үүсмэл өр төлбөр гэж мэдээлэх байжээ.
Хоёрдугаарт Ц.Гарамжавын обьектрүү төсвийн 550 сая төгрөгөөр зам тавьсан. Гэхдээ энэ замын тавиулахад Гарамжав оролцсон нь тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Эндээс харахад 10 тэрбумын асуудал байгаа нь үнэн, бас Гарамжавын обьектруу төсвийн 550 саяар зам тавьсан нь ч үнэн. Гагцхүү үгийн бөөс түүх зарчмаар шүүх шийджээ. Гэхдээ яахав ээ, гомдоод байгаа юм алга. 10 тэрбумын өглөгийг зээл гэж бичсэндээ, Ц.Гарамжавын обьектруу зам тавьсан нь Гарамжав оролцоогүй гээд уучлалт гуйчихаж болно. Их зүйл ойлгуулсан маргаан цаашдаа ч үргэлжилнэ." гэсэн байна.