Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ардчилсан намд шинээр олгосон тамгыг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг өнөөдөр хүчингүй болголоо. Ингэснээр, С.Эрдэнэд шинээр тамга олгосон улсын бүртгэлийн байгууллагын шийдвэр хүчин төгөлдөр болж байна.
Тодруулбал, шинээр тамга олгосон улсын бүртгэлийн байгууллагын актыг шүүгчийн захирамжаар түдгэлзүүлэхдээ, бусдын болон хуулийн этгээдийн нийтийн ашиг сонирхолд илтэд хохирол учруулах нөхцөл байгаа эсэхийг тогтоогоогүй нь үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзсэн байна. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1-д заасан үндэслэл бий болоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй байхад захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэх үндэслэлээр тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Ташрамд дурдахад, 2020 оны 12 дугаар сард АН-ын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэд улсын бүртгэлийн байгууллагаас шинээр тамга олгожээ. Тухайн үед АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Туваан дээрх шийдвэрийг эсэргүүцэж Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Шүүхээс энэ оны хоёрдугаар сарын 2-нд АН-д шинээр тамга олгосон улсын бүртгэлийн байгууллагын шийдвэрийг түдгэлзүүлээд байсан юм. Харин С.Эрдэнийн гомдлоор давж заалдах шатны шүүх хуралдаан энэ сард болсон ч гурван удаа хойшлоод байв.