Н.Ганхуяг: Монгол бичгийн арвин баялаг өв сангаас суралцаж, мянган жилийн түүхийг тольдох боломж байна

оруулсан Алсын Хараа

Дорноговь аймгийн БСУГ-ын Монгол хэлний мэргэжилтэн, Хэлний бодлогын салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга Н.Ганхуягтай ярилцлаа

-Дорноговь аймагт Хэлний бодлогын салбар зөвлөл хэдэн онд байгуулагдсан бэ? Салбар зөвлөлийн үүрэг, ач холбогдлыг тодорхойлох уу?

-Дорноговь аймагт Хэлний бодлогын салбар зөвлөлийг 2021 онд аймгийн Засаг даргын А/63 дугаар тушаалаар есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Салбар зөвлөл нь орон нутагт Монгол хэлний тухай хууль, “Монгол бичгийн Үндэсний хөтөлбөр-3”-ыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Гадны соёл хүчтэй нэвтэрч байгаа өнөө үед монгол түмний соёлын үнэт өв монгол бичгээ сурч эзэмшиж, хэрэглэх, түүгээр бахархах үзлийг нутгийн иргэдэд төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой.

-Үндэсний бичиг үсгийн баярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ хүрээнд аймгийн салбар зөвлөлөөс ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Үндэсний бичиг үсгийн баяраар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу манай аймагт тодорхой ажлыг төлөвлөн зохион байгуулсан. Энэ баярыг угтаж “Миний эх хэл хэл бичиг-1000” онооны эзэд цахим сорилгын уралдаан зохион байгуулж, бага ангийн 240 багш, цэцэрлэгийн 203 багш, 14 арга зүйч, элсэлтийн ерөнхий шалгалт өгөх 220 сурагч оролцож, 10 цуврал сорилгоор үндэсний бичгийн талаарх мэдлэг чадвараа уралдуулж, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулсан.

Мөн монгол бичгийн багш нарын дунд “Үндэсний бичгийн шилдэг хичээл”-ийг цахимаар заах уралдааныг хоёр үе шаттай явуулж 60 багш оролцон, Сайншанд сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн багш Г.Хонгорзул, Замын-Үүд сумын  ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн багш А.Оюундарь, Айраг сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Ч.Мөнх-Эрдэнэ нар монгол бичгийг заах шинэ арга зүй, цахим технологийн сүүлийн үеийн ололтыг шингээсэн сайн хичээл зааж тэргүүллээ.

Дорноговь аймгийн ЗДТГ, Насан туршийн боловсролын төв, Хэлний бодлогын Дорноговь дахь салбар зөвлөл хамтран “Босоо бичиг-Бидний бахархал-2021” сайхан бичигтэн шалгаруулах цахим уралдааныг 4-5 дугаар сард зохион байгуулсан.

“Сайхан бичигтэн боловсролын байгууллага”, “Сайхан бичигтэн боловсролын бус байгууллага” төрөлд 34 байгууллагын 858 албан хаагч, ажилтнууд, “Сайхан бичигтэн-иргэн” төрөлд 132 иргэн хувь хүн, “Сайхан бичигтэн-хүүхэд” төрөлд 44 сурагч бүтээлээ ирүүлж нийт 1034 иргэн оролцсон нийтийг хамарсан өргөн дэлгэр уралдаан боллоо.

“Сайн бичигтэн хүүхэд төрөлд”, Замын-Үүд сумын ерөнхий боловсролын сургуулийн 11а ангийн сурагч Э.Биндэрьяа, 12 б ангийн сурагч С.Цэрэнчимэг, 12а ангийн сурагч О.Дарьжав Сайншанд сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн сурагч Э.Энэрэл, 12а ангийн сурагч Ч.Уянга нар тэргүүллээ.

“Сайхан бичигтэн-иргэн төрөлд”, Замын-Үүд сумын иргэн Д.Одбилэг, Замын-Үүд сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Б.Эрдэнэчимэг, Замын-Үүд сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн багш А.Энхзул, Э.Энхцэцэг нар тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулав.

“Сайхан бичигтэн байгууллага төрөлд”, Дорноговь аймгийн ХХҮГ, Дэлгэрэх сумын ИТХ, Мандах сумын Эрүүл мэндийн төв, Сайхан бичигтэн боловсролын байгууллага төрөлд, Сайншанд сумын хүүхдийн есдүгээр цэцэрлэг, Замын-Үүд сумын  гуравдугаар цэцэрлэг, Замын-Үүд сумын гуравдугаар сургууль, Сайншанд сумын  хоёрдугаар сургууль, Сайншанд сумын 11 дүгээр цэцэрлэг, Сайншанд сумын тавдугаар сургууль тус тус шалгарлаа.

-Дорноговь аймаг үндэсний бичигт шилжихэд боловсон хүчний хувьд бэлтгэл хангагдаж байна уу?

-Дорноговь аймаг үндэсний бичигт шилжихэд нэгдүгээрт төрийн байгууллагын алба хаагчдыг үндэсний бичигт сургах, хоёрдугаарт боловсролын байгууллагын багш нарыг сургагч багшаар ажиллуулах, тэднийг чадваржуулах олон төрлийн сургалт уралдаан тэмцээнийг зохион байгуулж, орон нутгийн "Ялалт" сонины дугааруудыг монгол бичгээр хэвлүүлэн нийт хүмүүст хүргүүлж байна. Бүх нийтийг сургах монгол бичгийн багш, бага анги, цэцэрлэгийн шилдэг сургагч багш нарыг бэлтгэж байгаа.

-Зөв бичих дүрмийн журамласан толь гарснаар төрийн алба, ерөнхий боловсролын сургуулийн түвшинд ямар ахиц гарч байна вэ?

-Зөв бичгийн журамласан толь гарсныг бүх нийтэд сурталчилж, байгууллагуудад цуврал сургалт, мэдээллийг хүргэсэн. Аймгийн бага ангийн 240 багшид энэхүү толийг түгээж, мэдлэг, чадвар, хэрэглээг сайжруулах үе шаттай сургалтуудыг төрийн албан хаагчдад явуулснаар тэдний албан хэрэг хөтлөлт, бичиг хэргийн боловсруулалт алдаагүй эх үйлдэх, яриа бичигтээ зөв хэрэглэх дадал сайжирсан.

-Дорноговь аймгийн хувьд бичгийн соёлын дурсгалаа хэрхэн хадгалж хамгаалж байна. Энэ талаар хүүхдүүдэд соёлын өвийн боловсрол олгодог уу, салбар зөвлөл хэрхэн анхаарч ажиллаж байна?

-Дорноговь аймаг говийн тавдугаар дүрийн ноён хутагт Лувсанданзанравжаагийн бүтээл судлалын монгол бичгээр үлдсэн өв соёлыг судалгаа шинжилгээний эргэлтэд оруулах эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлэх “Дорноговь судлал”-ын бага хурлыг тогтмол  зохион байгуулж ирсэн.

Равжаа хутагтын монгол бичгээр өнөөг хүртэл өвлөж ирсэн “Саран хөхөөний намтар” 10 дэвтэр, шүлэг яруу найраг сургаалыг судалсаар байна. Сургууль, цэцэрлэг бүр нутгийн онцлогтой хөтөлбөр хэрэгжүүлж, говь нутгийнхны ёс заншил өв соёл, уламжлалыг өсвөр үеийнхэнд өвлүүлэх ажлыг 10 сургууль, 37 цэцэрлэг хэрэгжүүлж байгаа.

-Эх хэлний өдрөөр аймгийн хэлний бодлогын салбар зөвлөлүүд үлгэр домог, ерөөл магтаалаа өвлөн уламжлуулах, сэргээн таниулах талаар аян өрнүүлсэн байсан. Энэ аяны зорилго биелсэн үү?

-Дорноговь нутгийн ерөөлч магтаалч З.Чулуунбаатар, Ж.Жамбалсүрэн, Л.Сүндий нутгийн ардын өвөрмөц ардын дууны судалгааг Н.Лантуу зэрэг хүмүүс судалж хүүхэд багачуудад өвлүүлэн, тэдний цуглуулсан нутгийн аман зохиолын бүтээлийг олон нийтийн хүртээл болгож байна. Төв номын сангаас өсвөрийн ерөөлч, магтаалчдын цахим уралдаан зохион байгуулсан.

-Монгол хэлний тухай хууль хэрэгжиж эхэлснээр Дорноговь аймагт монгол бичгийн хаягжилт нэмэгдсэн үү?

-Монгол хэлний тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-3”-ын дагуу монгол бичгээр хаягаа бичиж байршуулах ажил эрчимтэй явагдаж байна. Нийт сумын төрийн байгууллага, боловсролын байгууллага хаягаа үндэсний бичгээр бичиж байршуулсан. Одоо хувийн хэвшлийн байгууллагуудын хаягжилтыг хийх ажлууд үргэлжилж байна.

-Ер нь сүүлийн жилүүдэд бидний эх хэлдээ хандах хандлага сайжирч байгаа нь харагддаг. Энэ талын судалгааг аймагтаа хийж байв уу?

-Сүүлийн жилүүдэд эх хэл, үндэсний бичгээ зайлшгүй сурах хэрэгтэй гэх хандлага сайжирсан. Цахим орчинд “Өв соёлоо дээдэлж үндэсний бичгээ сурцгаая аян” өрнөж, төрөл бүрийн монгол бичгийн цахим булан,  уриалгад иргэд идэвхтэй оролцож байгаа. Мөн орон нутгийн телевиз, сонин сэтгүүл үндэсний бичгийн цуврал мэдээллийг хүргэж байна.

Дорноговь аймгзийн Хэлний бодлогын салбар зөвлөлөөс юун түрүүнд төрийн алба хаагчдын монгол бичгийн чадварыг сайжруулах, үүний дотор архив-албан хэргийн ажилтнуудын үндэсний бичгийн чадварыг сайжруулах, бодлого баримтлан ажиллаж байна.

Монгол бичгээ сурах хандлага иргэдийн дунд эрс нэмэгдлээ. Манай аймаг хөрш зэргэлдээ Өвөрмонголын сайн харилцаат байгууллагуудтай хамтран ажиллаж багш сурган хүмүүжүүлэгчид, иргэд монгол бичиг заах сургах өвөөс суралцсаар ирсэн давуу талтай. Монгол бичгийн арвин баялаг өв сангаас суралцаж мянган жилийн түүхийг тольдох үндэсний бичиг түгэн дэлгэрсээр байна.

 /МОНЦАМЭ/.

Сэтгэгдэл бичих