Вакцинжуулалтын гэрчилгээг ТҮЦ машинаас авч болно

оруулсан Алсын Хараа

Монгол Улсад 2020 оны нэгдүгээр сарын байдлаар интернэт хэрэглэгчдийн тоо 2.2 саяд хүрсэн. Үүний 2.1 сая нь гар утсаараа цахим сүлжээнд холбогддог хэрэглэгчид. Энэ нь гурван сая гаруй хүн амтайгаа харьцуулахад маш өндөр тоо юм. Өөрөөр хэлбэл, гурван хүн тутмын хоёр нь гар утсаараа цахим сүлжээнд холбогддог бөгөөд 15-34 насныхан хамгийн идэвхтэй байдаг гэсэн үг. Тиймдээ ч Covid-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн иргэдийг бүртгэлжүүлж, цахим бүртгэлийг төрийн нэгдсэн E-Mongolia.mn цахим сайтад холбосон. Ийнхүү цахим хэлбэрт шилжсэн нь иргэд, олон нийт вакцинжуулалтын гэрчилгээ болон бусад 50 орчим байгууллагын  516 төрлийн үйлчилгээг цахимаар авахад илүү дөхөм болсон.

Өндөр настай хүмүүс ухаалаг утас ашигладаггүй учраас зарим төрлийн төрийн үйлчилгээ авахад багагүй саад бэрхшээл тулгарч буй. Үүний нэг жишээ нь вакцинжуулалтын гэрчилгээ юм.  

 ОЛОН НИЙТЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВӨӨС ҮЙЛЧИЛГЭЭ АВЧ БОЛНО

Вакцины гэрчилгээг E-mongolia.mn сайтаас авах боломжгүй иргэд төрийн үйлчилгээний цахим (ТҮЦ) машинаас авч болох юм байна. Тодруулбал, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 110 ТҮЦ машин ажиллаж байгаагаас 70 гаруй хувь нь нийслэлд, үлдсэн нь хөдөө орон нутагт бий.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Э.УРАНЦЭЦЭГ:

-Иргэд гар утаснаасаа вакцинжуулалтын гэрчилгээ авах боломжгүй, эсвэл алдаа заагаад байвал Төв шуудангийн нэгдүгээр давхарт байрлах олон нийтэд үйлчлэх төвөөс үйлчилгээ авч болно. Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia иргэдэд илүү ойртох үүднээс дээрх төвийг тавдугаар сарын 9-ний өдөр нээсэн. Улмаар иргэдийн ачаалал нэмэгдсэн учраас ойролцоох газруудын гурван ТҮЦ машиныг татаж байрлуулсан. Одоогоор Төв шуудангийн нэгдүгээр давхарт дөрвөн ТҮЦ машинаас иргэд үйлчилгээ авч байна.

Цаашдаа вакцины хоёр тунгаа хийлгэсэн иргэдэд цахим QR код олгох бөгөөд программ нь хараахан бэлэн болоогүй байгаа аж. Дээрх үйлчилгээнээс гадна иргэдийн иргэний үнэмлэхний QR код руу хувийн мэдээллийг хуулах ажил дуусах шатандаа оржээ.

Дээрх хоёр үйлчилгээ нэвтэрснээр иргэд вакцинжуулалтын гэрчилгээ шалгуулахгүйгээр байгууллагуудаар үйлчлүүлэхдээ зөвхөн вакцинжуулалтын QR код болон иргэний үнэмлэхний QR кодоо үзүүлээд явах боломж бүрдэх юм.

УЛСЫН ХЭМЖЭЭНД АЖИЛЛАЖ БУЙ ТҮЦ МАШИНЫ ЖАГСААЛТ

Сэтгэгдэл бичих