Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт- Шинжлэх ухаан технологийн парк”-ийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ тус паркийн дэргэдэх “Судалгаа үйлдвэрлэлийн цогцолбор”-т шаардлагатай 3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо.
"Эрдэнэт ШУТП" нь 2016 онд байгуулагдсан бөгөөд инновацид түшиглэн үйлдвэрлэл, судалгаа, сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Өнгөрсөн таван жилийн хугацаанд тус парк хоногт хоёр тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадалтай гагнуурын электродын үйлдвэр, хоногт гурван тонн үйлдвэрлэх хүчин чадалтай будгийн үйлдвэр, хүнд элементийн лабораторийг ашиглалтад оруулж, нийт 450 сая төгрөгийн ашигтай ажиллажээ.
Мөн бизнес хөгжлийн төвийг байгуулж жижиг, дунд, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих инкубатор сургалтад хамруулж, нийт 200 гаруй ажлын байрыг шинээр бий болгосон байна.
Иймд үйл ажиллагаагаа өргөжүүлж “Судалгаа үйлдвэрлэлийн цогцолбор” байгуулахаар ажиллаж байгаа аж. Тус цогцолбор нь технологи дамжуулах төвийн үйл ажиллагааны хүртээмжийг нэмэгдүүлэх, гарааны бизнесийн 229 төсөл эргэн төлөгдөх нөхцөлөөр хөрөнгө оруулалт олгох, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэх гэнэ. Мөн орон нутгийн давуу тал, түүхий эдэд түшиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжүүлэх /зэс, молибден/, гарааны бизнесийн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын тогтолцоо бүрдүүлэх, хими, материалын технологийн үйлдвэрлэл, судалгаа, техник, эдийн засгийн үндэслэлийг тодорхойлоход чиглэх юм.