Арабын Нэгдсэн Эмирт Улсын /АНЭУ/ Эрүүл мэндийн яам 12-15 насны хүүхдүүдэд "Pfizer-BioNTech" компанийн коронавирусний вакциныг хэрэглэхийг зөвшөөрчээ.
АНЭУ-ын Эрүүл мэндийн яам хүүхдүүд дээр хийгдсэн эмнэлзүйн гурван үе шатны туршилтын мэдээлэлд үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан байна. Энэхүү шийдвэр нь иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн АНЭУ-ын Засгийн газрын идэвхтэй бодлогыг тодотгон коронавирусний цар тахалтай хийж буй тэмцэл, энэ насны бүлгийг хамгаалах үндэсний хүчин чармайлтыг дэмжиж байна гэж тус улсын англи хэлээр гардаг өдөр тутмын "Gulf Today" сонинд онцолсон байна.
АНЭУ-ын эрх баригчид гуравдугаар сарын эцэс гэхэд хүн амынхаа тэн хагасыг вакцинжуулах зорилт тавьсан бөгөөд одоогийн байдлаар тус улсад 11 сая гаруй тун коронавирусний вакцин тарьжээ.
"Pfizer-BioNTech" компани 12-15 насныхан дунд явуулсан эмнэлзүйн туршилтдаа 2260 хүүхдийг оролцуулжээ. Туршилтын дүнд хоёр тун вакцин хийлгэсэн хүүхдүүдийн дунд коронавирусний халдвар авсан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй бол плацебо тарьсан хүүхдүүдээс 18 нь халдвар авсан байна.
Тус компани мөн 2022 оны эхээр 12-оос доош насны хүүхдүүдийг вакцинжуулах зорилгоор энэ насны хүүхдүүдийн дунд явуулах эмнэлзүйн туршилтыг гуравдугаар сарын сүүлчээр эхлүүлжээ. Туршилтад 6 сартайгаас 12 хүртэлх насны хүүхдүүд оролцож байгаа юм.