Хойд Америкийн томоохон дамжуулах хоолой Colonial-д хакерын халдлага гарсан нь үйл ажиллагааг нь бараг бүхэлд нь зогсоожээ. Үүний улмаас зах зээл дээр бензиний хомсдол үүсэж, дамжуулах хоолойн ажиллагааг гар удирдлагын горим шилжүүлээд ч бензин, керосин, дизель түлшний эрэлтийг хангаж чадахгүй байна.
Хойд Каролина, Виржиниа, Жоржиа зэрэг хэд хэдэн муж шатахуунгүй болжээ. Айж сандарсан жолооч нар нөөцөө бэлтгэж, ШТС-ын сүлжээ, түүнчлэн нисэх онгоцны буудлуудын удирдлага компаниуд өөр нийлүүлэгчид хайхаас өөр аргагүй болжээ.
Colonial дамжуулах хоолой нь Америкийн нэлээд хэдэн мужийн автомашин, онгоц, уурын зуухны нийлүүлэлтийн 70%-ийг дангаараа хангадаг юм. 500 миль үргэлжлэх энэ системээр өдөрт 100 сая гаруй галлон бензин, керосин, мазут, дизель түлш тээвэрлэдэг нь хүн ам ихтэй зүүн эргийн хэрэглээний нийт шатахууны 45% гэсэн үг.
АНУ-ын Эрчим хүчний сайд Женнифер Гранхольм Цагаан ордонд болсон уулзалтаар дамжуулах хоолойн ажиллагааг энэ долоо хоногийн сүүлчээр бүрэн сэргээхээ амлажээ. Гэтэл иргэд түлшгүй болчих вий хэмээн түгшсэндээ автомашиндаа шатахуунаа нөөцөлж эхэлсэн нь өмнөх долоо хоногийн нийлүүлэлтээс эрэлтийг 30%-иар өсгөсөн аж. Зарим мужид галлон бензин $3-ын үнэд хүрсэн нь сүүлийн 10 жилд байгаагүй үзэгдэл болжээ.
Гранхольм түр арга хэмжээ авах үүднээс автомашины түлшний чанарт тавигдах шаардлагаа бууруулж, автоцистернүүдийг замуудаар саадгүй нэвтрүүлэхээ зарласан гэнэ. “COVID-19 цар тахлын үеэр иргэд шалтгаангүйгээр ариун цэврийн цаас нөөцөлж байсан шиг бензин нөөцлөх нь ямар ч учир утгагүй юм” хэмээн тэрбээр өчжээ.