Норвеги улс ховор боловч ноцтой гаж нөлөөний улмаас “AstraZeneca” компанийн коронавирусний вакциныг хүн амаа дархлаажуулах хөтөлбөрөөс албан ёсоор хасаж байгааг тус улсын Ерөнхий сайд Эрна Сульберг мэдэгджээ.
Норвегийн Засгийн газар мөн “Johnson & Johnson” компанийн вакциныг хэрэглэхийг түр зогсоох шийдвэрийг дэмжсэн боловч чухам энэ вакциныг хийлгэх хүсэлтэй байгаа хүмүүст тарихыг зөвшөөрсөн байна.
Норвегийн Засгийн газрын байгуулсан шинжээчдийн хороо "AstraZeneca”-гийн вакцинаас татгалзах шийдвэр гаргаснаас хэд хоногийн дараа уг вакциныг дархлаажуулалтад хэрэглэхийг албан ёсоор зогсоож байгаа юм.
Вакцин тариулсан хүмүүст цусны бүлэн үүссэн тухай мэдээлэлтэй холбоотойгоор Норвегийн эрх баригчид гуравдугаар сарын 11-нээс “AstraZeneca” компанийн вакциныг хэрэглэхээ түр зогсоосон юм. Уг вакциныг тариулсны дараа таван ийм тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас барсан байна.
Норвегийн Ерөнхий сайд мөн вакцинжуулалтын стратегиа шинэчилж, 18-25 насныхны вакин хийлгэх ээлжийг урагшлуулсныг мэдэгджээ. Энэ насныханд 45-аас дээш насны иргэдийг вакцинжуулж дууссаны дараа вакцин хийж эхлэх аж.
Харин 40-44 насны хүмүүс 18-24 насныхантай хамт вакцин тариулах бол 25-39 насныхан хамгийн сүүлийн ээлжинд дархлаажуулалтад хамрагдана.
Норвегийн эрх баригчид мөн бүс нутгуудад вакцин хуваарилах чиглэлээ өөрчилж, өвчлөл ихтэй бүс нутгуудад вакцины тунгийн 60 хувийг тараахаар болжээ.
Одоогийн байдлаар тус улс "Moderna", "Pfizer-BioNTech" компаниудын вакциныг хэрэглэж байгаа юм.
Норвегид цар тахал дэгдсэнээс хойш коронавирусний халдварын 117 757 тохиолдол бүртгэгдэж, 774 хүн нас баржээ.