Тариаланчдад улаанбуудайн 21.4 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байна

оруулсан Алсын Хараа

Засгийн газраас баталсан “Мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу 2019 оны ургацаас гурил үйлдвэрлэлд  247.8 мянган тонн хүнсний улаанбуудай  нийлүүлсэн 12 аймгийн 802 аж ахуйн нэгж, иргэнд 22.9 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоос материалын бүрдүүлэлт, гурил үйлдвэрлэгчдээс авсан судалгаа, шалгалтын дүнг үндэслэн  757 аж ахуйн нэгж, иргэний 223.0 мянган тонн хүнсний улаан буудайд 21.4 тэрбум төгрөгийн урамшуулал олгоод байгаа аж.

Өмнөх жилүүдэд тариаланчдад мөнгөн урамшуулал олгох явцад тариалан бүхий зарим аж ахуйн нэгжүүд  гурилын үйлдвэртэй гэрээ байгуулж, тооцоо нийлсэн акт, холбогдох бусад урамшууллын материалаа бүрдүүлж Тариалан эрхлэлтийг дэмжих санд (хуучин нэрээр) ирүүлсэн боловч уг буудай нь гурилын үйлдвэрийн агуулахад биш, тариалангийн аж ахуйн нэгжийн агуулах, элеваторт хадгалагдаж байсны улмаас буудайн тоо хэмжээ,  чанар нь буурах, зарим тохиолдолд урамшуулалд хамрагдсан буудай  нийлүүлэгдэхгүй болж тариаланчид,  гурил үйлдвэрлэгчдийн хооронд маргаан, өр төлбөр  үүсэж, хууль хяналтын байгууллагад шилжсэн тохиолдол гарч байсан.

Салбарын яамнаас урамшууллын материалд хийсэн шалгалтын үр дүнгээр орон нутгаас ирүүлсэн мэдээлэл нь статистикийн  мэдээтэй зөрсөн, тариалан бүхий аж ахуйн нэгжийн агуулахад байгаа буудайг гурил үйлдвэрлэлд хүлээн авсан мэтээр тооцоо нийлсэн, өмнөх жилүүдэд олгосон урамшуулалтай холбоотой зөрчил илэрсэн зэргээс шалтгаалан 45 иргэн, аж ахуйн нэгжийн 24.8 мянган тонн хүнсний улаан буудайд олгох 1.5 тэрбум төгрөгийн урамшууллыг одоогоор олгогдоогүй бөгөөд улаан буудайн урамшуулалтай холбоотойгоор ийм зөрчил дутагдал гаргуулахгүй байх,  дүрэм,  журмын хэрэгжилт хяналтыг сайжруулах шаардлага тавьж байгаа аж.

Тиймээс шалгалтын дүнгээр зөрчилтэй гарсан аж ахуйн нэгж, иргэдийн агуулах, элеваторт хадгалагдаж байгаа дээрх хүнсний улаан буудай аль нэг гурилын үйлдвэрт бүрэн нийлүүлэгдэж, тооцоо нийлсэн  баримтаа зохих журмын дагуу бүрдүүлэн Хөдөө аж ахуйг дэмжих санд ирүүлсэн тухай бүрд улаан буудайн мөнгөн урамшууллыг саадгүй олгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих