Токиогийн Олимп болоход гурван сар хүрэхгүй хугацаа үлдээд буй энэ үед уг наадмыг цуцлах хэрэгтэй гэж япончуудын 60 орчим хувь нь үзэж буйг өнөөдөр танилцуулсан нэгэн санал асуулгын дүн харуулжээ.
Японы Засгийн газар “COVID-19” халдварын тархалтыг хяналтад авахын тулд Токиод тогтоосон онцгой байдлыг тавдугаар сарын эцэс хүртэл сунгаад байгаа нь Олимпыг зохион байгуулах хэрэгтэй эсэхэд олон нийтийг эргэлзэхэд хүргэсэн байна.
Цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон “Токио-2020” Олимпын наадмыг ирэх долоодугаар сарын 23-нд эхлүүлэхээр товлоод байгаа юм.
“Yomiuri Shimbun” сониноос тавдугаар сарын 7-9-нд явуулсан санал асуулгад оролцогчдын 59 хувь нь наадмыг цуцлах нь зүйтэй хэмээн хариулсан бол 39 хувь нь зохион байгуулах хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Тэднээс наадмыг хойшлуулах талаар асуугаагүй байна.
Мөн Олимпыг зохион байгуулах хэрэгтэй хэмээн хариулсан хүмүүсийн 23 хувь нь наадмыг танхимын үзэгчгүйгээр зохион байгуулах хэрэгтэй гэж үзжээ. Энэ удаагийн Олимпын наадамд гадаадын үзэгчдийг хүлээн авахгүй байх шийдвэр хэдийнээ гарсан боловч дотоодын үзэгчидтэй холбоотой шийдвэрийг зургаадугаар сард эцэслэн гаргах юм.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр “TBS News” телевизийн явуулсан өөр нэгэн санал асуулгад оролцсон хүмүүсийн 65 хувь нь наадмыг цуцлах юм уу дахин хойшлуулах хэрэгтэй гэж хариулснаас 37 нь хувь нь бүрмөсөн цуцлах хэрэгтэй, 28 хувь нь дахин хойшлуулах нь зүйтэй гэж үзжээ.
Үүний зэрэгцээ “Kyodo” агентлагаас энэ оны дөрөвдүгээр сард явуулсан санал асуулгаар япончуудын 70 хувь нь Олимпыг цуцлах юм уу хойшлуулах хэрэгтэй хэмээн үзэж байгааг тогтоосон юм.
Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэгийн хувьд “COVID-19” халдварын тохиолдол нэмэгдэж байгааг үл харгалзан Олимпыг зохион байгуулна гэдгээ удаа дараа нотлон мэдэгдсэн боловч түүнийг дэмжигчдийн түвшин 40 хувьд хүрч буурсныг “TBS” телевизийн санал асуулгын дүн харуулсан байна.
Өнгөрсөн ням гарагт Японы теннисчин Наоми Осака, “Миний бие Олимпын наадамд оролцохыг насан туршдаа мөрөөдсөөр ирсэн хэдий ч Токиогийн Олимпыг зохион байгуулахтай холбоотой эрсдэлийг сайтар тооцож үзэх хэрэгтэй хэмээн бодож байна” гэж хэлжээ.