Эрүүл мэндийн сайд С.Энхболд тус яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд оролцож, коронавируст халдварын нөхцөл байдлын талаар болон авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Монгол Улсад дотоодын халдвар бүртгэгдсэнээс хойш дөрвөн удаагийн хөл хорио тогтоосон. Манай улсад тохиолдлын тоо тогтмол өссөн бол сүүлийн долоо хоногт халдварын тархвар зүйн муруй буурах хандлага ажиглагдаж байна. Энэ нь хөл хорио тогтоосны үр дүн, мөн вакцинжуулалт идэвхтэй хийж байгаагийн илрэл гэж үзэж байна" гэв.
Насны бүлгээр авч үзвэл, 20-49 насныхан илүү өвчилж байна. Хүйсийн хувьд, эрэгтэй эмэгтэй хүмүүс адил түвшинд өвчилж байна гэсэн статистик дүн гарчээ. Харин 50-иас дээш насныхан “COVID-19” халдвараар өвчилж илүү хүндэрч байгаа аж. Сүүлийн үед халдварын тохиолдлын тоо нэмэгдсэнтэй холбоотой 20-иос дээш насны залуус хүндрэх магадлалтай гэсэн статистик үзүүлэлт гарсан байна.
"Мэргэжлийн тандалт судалгааны багийн судалгаагаар, өвчлөлийн тархалт хөл хорио тогтоохоос өмнө R утга 1.4 хувь байсан бол сүүлийн 14 хоногийн хугацаанд тогтмол буурч 0.84 хувьтай болсон. Энэ нь хөл хорио тогтоосны үр дүн гэсэн үг юм. Хэрэв хөл хорио тогтоогоогүй байсан бол өдөрт 3000-3400 халдварын тохиолдол илрэх эрсдэлтэй байсан тухай тооцооллыг эрдэмтэд гаргасан. Хөл хорио тогтоосноор өдөрт 800 тохиолдол илэрч байна. Цаашид халдвар хамгааллын дэглэмээ баримталж, нийт хүн амаа бүрэн вакцинжуулах юм бол халдварын тохиолдол буурна гэсэн таамаглалыг эрдэмтдийн баг гаргасан” гэдгийг тэрбээр тодотгов.
Манай улс 18-аас дээш насны 2 сая 67 мянга 292 иргэнээ вакцинжуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар, 1 сая 536 мянган хүн вакцины нэгдүгээр тунд хамрагдсан нь нийт дархлаажуулах ёстой иргэдийн 74.3 хувь юм.
Улсын хэмжээнд Өмнөговь аймаг 87 хувийн вакцинжуулалтаар тэргүүлж байна. Манай улс 100 хүн тутмын вакцинжуулалтаараа дэлхийд наймдугаарт явж байна.
Нийслэлд 6 дугаар сарын 1, улсын хэмжээнд 7 дугаар сарын 1 гэхэд 18-аас дээш насны иргэдээ бүрэн вакцинжуулахаар төлөвлөжээ.
Халдварын батлагдсан тохиолдлыг эмчлэхэд зориулан сүүлийн гурван сард нийслэлд 31 байршилд 4468, орон нутагт 3070, нийт 7538 ор бэлдсэн байна. Өнөөдрийн байдлаар 2 934 000 вакциныг татан авч иргэддээ хийж байгаа аж.