УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн зарласан өлсгөлөн дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Өлсгөлөн зарлаж буй гишүүдтэй өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нар очиж уулзсан ч өлсгөлөн үргэлжилж, тус намын гишүүд, дэмжигчид өнөөдөр Төв талбайд цугларчээ.
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн "Эрх баригчид төрийн байгууллагуудаараа дамжуулан Ардчилсан намын сонгогдох эрхэд халдаж байна. УИХ-ын гишүүд болон иргэд ялгаварлан гадуурхагдаж байна. Тэгш эрх, хууль гэж алга. 21 аймгийн 180,000 гаруй АН-ын гишүүн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүнээ сонгосныг хүндэтгэхгүй байгаа тул бид энд жагсаж байна" гэв.
АН-ын гишүүд, дэмжигчид "Эрх чөлөө, ардчиллаа аваръя", "Үндсэн хуулийн цэц хууль завхруулалтыг гааруулж байна" гэх утга бүхий бичгүүд барьжээ.
Уг нь Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед жагсаал, цуглаан зохион байгуулахыг хориглоод байгаа билээ.