БНХАУ-ын дарга Ши Жиньпин “COVID-19” халдварын эсрэг авч буй үйл ажиллагааг шалгахаар уг халдварын голомт болох Ухань хотод өнөөдөр /2020.03.10/ өглөө ирсэн байна. Энэ тухай Хятадын төв телевизээр мэдээллээ.
Ши Жиньпин энэхүү шалгалтынхаа үеэр халдварын голомтод ажиллаж буй эмнэлгийн ажилтнууд, цэргийн алба хаагчид, нийгмийн ажилтнууд, сайн дурынхан болон өвчтөнүүд, оршин суугчидтай уулзана хэмээн мэдэгдлээ.
Үүнээс гадна Ши Жиньпин Ухань хотод очсон тухай мэдээлэл гарсны дараа Хятадын хөрөнгийн биржүүдийн гол индексүүд мэдэгдэхүйц өссөн байна. Нөгөө талаар коронавирусний халдварын шинэ тохиолдлын тоо багассан нь ч үүнд нөлөөлсөн ч байж болох юм.
Шанхайн хөрөнгийн биржийн байдлыг тодорхойлдог “Шанхай Композит” индекс арилжаа дуусах мөчид 1.82 хувиар өсөж, 2996.76 нэгж болжээ. Нэгдүгээр самбарт арилжаалагддаг бүх хувьцаа өссөн байна. Үүнээс харилцаа холбоо болон мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын хувьцааны ханш хамгийн их өсөж, индексүүд нь 6.6 хувь болон 5.57 хувиар тус тус өсжээ.
Түүнчлэн Шэньжэний биржийн гол индексүүд арилжаа дуусахад өссөн байна. Арилжааны энэхүү талбарын бизнесийн үйл ажиллагааны гол үзүүлэлт болох "Шэньжэн компонент" индекс 2.65 хувиар өсөж, 11 403.47 нэгжид хүрчээ.
Коронавирусний халдвар дэлхийн улс орнуудад хурдацтай тархаж байгаа болон нефтийн үнэ унасантай холбоотойгоор хөрөнгө оруулагчдын дунд болгоомжлол үүссэний улмаас Шанхай, Шэньжэний биржүүдийн гол индексүүд даваа гаргийн арилжаа дуусахад 3.01 болон 4.09 хувиар тус тус унажээ. Хөрөнгө оруулагчид хувьцаагаа зарж, бонд гаргаж эхэлсэн байна.
ШАНХАЙ. /TASS/.