/VOA/. Африкийн орнуудад “COVID-19”-ийн вакцинжуулалтын явц удаашралтай байгаагаас гадна шинэ хувилбарууд тархах болсон тул халдварын шинэ давлагаа дэгдэх эрсдэлтэй байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ пүрэв гарагт анхааруулав.
“COVID-19” халдварын 4.5 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 123 мянган хүн нас барсан Африкт халдварын тархвар зүйн муруй зургаан долоо хоногийн турш тогтвортой байгаа юм.
Гэвч халдварын харьцангуй цөөн тохиолдол шинээр бүртгэгдэж байгаатай холбоотойгоор амны хаалт зүүх, зай барих зэрэг халдвар хамгааллын дэглэмийг баримтлахгүй байх үзэгдэл нэмэгдэх болсныг ДЭМБ сэрэмжлүүлжээ.
Мөн ДЭМБ-ын Африкийн бүсийн асуудал хариуцсан дарга Матшидисо Моэтигийн хэлснээр, вакцины нийлүүлэлт хойшилж, хомсдож байгаа нь халдварын тархалт нэмэгдэхэд хамгийн их нөлөөлж болзошгүй байна.
“Африкийн орнууд “COVID-19”-ийн вакцинжуулалтаар дэлхийн улс орнуудаас илт хоцорч байгаа бөгөөд дэлхий даяар тарьсан вакцины дөнгөж нэг хувийг эзэлж байна. Энэ үзүүлэлт хэдэн долоо хоногийн өмнө хоёр хувь байсан. Одоогоор тивийн хэмжээнд татан аваад буй 37 сая тун вакцины тэн хагас орчмыг нь л тариад байна. Иймээс байгаа вакциндаа хүмүүсийг хамруулах ажлыг түргэвчлэх хэрэгтэй” гэж М.Моэти нэмж хэлжээ.