Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам барих цогцолбор төслийн хэрэгжилттэй өнөөдөр танилцлаа.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын болон “Тавантолгой” нүүрс баяжуулах үйлдвэр барих санхүүжилтийг газар дээр нь шийдэж, Тавантолгойн цахилгаан станцыг барих ажил өнөөдрөөс эхэлж буйг Ерөнхий сайд энэ үеэр онцлов. Засгийн газар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 258.4 км замыг ирэх оны долоодугаар сард ашиглалтад оруулахыг зорьж санхүүжилтийн тооцоог гаргажээ. Төмөр зам баригдсанаар жилд 30 сая тн нүүрс зэрэг ашигт малтмал, бусад ачаа тээвэрлэж экспортлох боломж бүрдэх юм. Одоогоор газар шорооны ажил 81, дээд бүтцийн барилга угсралт 67 хувь буюу гол замын угсрах ажил 233 км-ийг гүйцэтгэхээс 201 км-ыг нь тавиад байна.
Нүүрс угаах үйлдвэрийг "Тавантолгой төмөр зам" ХХК өөрийн хөрөнгөөр байгуулахаар болж буйг Ерөнхий сайд тодотгоод, ашигт малтмалаа боловсруулж, төмөр замаар экспортыг нэмэгдүүлснээр, эдийн засагт онцгой үр өгөөжтэйг онцоллоо.
Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам дараагийн ээлжинд ашиглалтад орно. Тус замын ойролцоо ашиглалтад оруулахаар төлөвлөж буй 23 стратегийн орд газар байгааг онцолж, энэ удаагийн албан томилолтоор тэдгээр ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад ахиц авчирч буйг тэмдэглэв. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын урт 416.2 км, нэг өртөө, зургаан зөрлөгтэй байх юм. Төмөр зам Тавантолгойн уурхайгаас коксжих нүүрс экспортлох, уул уурхай болон аж үйлдвэрийн бүтээгдэхүүн тээвэрлэх, экспортыг нэмэгдүүлэх, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулна. Төмөр замын суурь бүтцийг дотоодын 46 аж ахуйн нэгж, Зэвсэгт хүчний барилгын анги, нэгтгэл хийж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Засгийн газар олборлолтоос баяжуулах, нэмүү өртөг шингээх бодлого зарласан. Өмнөх өдрүүдэд түүхэн үйл явдлууд болж өнгөрлөө. Тухайлбал, Засгийн газраас гаргасан Тавантолгойд нүүрс угаах үйлдвэр байгуулах шийдвэр өнөөдөр ажлаа эхлүүлэх гэж байна. Энэ үйлдвэр 2023 онд ашиглалтад орох бөгөөд нүүрсээ зөвхөн түүхийгээр нь биш, нэмүү өртөг шингээж экспортлох боломж бүрдүүлнэ. Одоогоор Тавантолгойгоос 60 ам.доллароор гарч буй нүүрс төмөр замаар дэд бүтцэд холбогдож, Гашуунсухайт боомтод ирдэг болсноор, энэ ханш 100 ам.доллар болж өсөхөөр байна" хэмээлээ.
Мөн тэрээр Засгийн газрын шийдвэрээр, "Эрдэнэт" ТӨҮГ-ыг түшиглэн Зэс баяжуулах үйлдвэр байгуулах ажил эхэлж буйг онцлов. Тус үйлдвэрийн ТЭЗҮ гарсныг тэмдэглээд, цаашдаа алт, зэс, төмрийн хүдэр гээд байгалийн баялгаа нэмүү өртөг шингээж, зөвхөн автомашинаар биш, галт тэргээр экспортод гаргах бодлогоо хэрэгжүүлнэ гэдгийг тодотголоо.
Дээрх үйлдвэрүүд 2022-2024 онд ашиглалтад орох бололцоотойг дурдахын зэрэгцээ Гашуунсухайтын төмөр зам, Зүүнбаянгийн төмөр зам, Богдхан төмөр замыг ашиглалтад оруулах, урт хугацааны төслүүдийг яаралтай хэрэгжүүлэхэд онцгой анхаарна гэлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Алсын хараа - 2050" урт хугацааны бодлогын баримт бичигт тулгуурлан гурван 10 жилийн үечлэлээр тооцвол, эхний 10 жилд зайлшгүй хэрэгжүүлэх 100 төсөл байна. Засгийн газар дангаар 4-5 төслийг нь хэрэгжүүлэх бололцоотой. Тиймээс бусад төслийг хувийн хэвшил болон гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй байдлаар зарлана. Хувийн хэвшил гүйцэтгээд, 20-30 жилийн дараа төрд шилжүүлэх концессын зарчмаар явуулах боломжийг олгож эдийн засгаа хөгжүүлэх гарцыг эрэлхийлэх шаардлагатай. Дэлхий даяар цар тахлын дараах эдийн засгаа төлөвлөж байна. Монгол Улс ч 7 дугаар сарын 1 гэхэд зорилтот бүлэг буюу насанд хүрсэн нийт хүн амаа вакцинжуулсан дэлхийн цөөн улс орны нэг болно. Тиймээс одооноос эдийн засгаа сэргээх том төсөл, хөтөлбөрийг бүтээн байгуулалтын улиралд анхаарч эхлүүлэх нь зүйтэй" хэмээн онцоллоо.
Ташрамд дурдахад, Гашуунсухайт, Зүүнбаянгийн төмөр зам ашиглалтад орсноор,
- Дотоодын нүүрс тээврийн зардал дөрөв дахин буурч жилд 30-50 сая тн нүүрс экспортлоно,
- Бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс, агаарын бохирдол эрс багасна,
- Автотээврийн осол, зөрчил буурна,
- Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой,
- Байнгын 2,000 орчим ажлын байр бий болно,
- Жилд 20-28 сая ам.долларын татвар төлнө гэсэн тооцоо гарчээ.