УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд О.Цогтгэрэл даргатай АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болоод байсан Н.Алтанхуягийн материалыг СЕХ бүртгээгүйтэй холбоотойгоор өчигдрөөс эхлэн Төв талбайд өлсгөлөн зарлаж эхлээд буй.
Энэ асуудлаар УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар яригдсан талуудын байр суурийг хүргэж байна.
ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧИГДӨХ ГЭДЭГ ЭНГИЙН ҮЗЭГДЭЛ БОЛСОН
УИХ-ын гишүүн Ц.Туваан "Ардчилсан намын 13 гишүүн талбай дээр өлсгөлөн зарлаж байгаа. Доороо тавих эсгийг хүртэл булааж авч байна. Ийм дарангуйлал Монголд ирсэн байна гэдгийг УИХ-ын индэр дээрээс хэлье. МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатараа энэ дарангуйллаа зогсоо. Бид бүхэн эцсээ хүртэл тэмцэх болно гэдгээ хэлье.
Албан ёсны бүртгэлтэй Ардчилсан намаас СЕХ-нд материалаа өгөх гээд шөнийн 00:00 цаг хүртэл суулаа. Ямар бяртай, дээрэлхүү болчихсон юм бэ? АН бас засаглаж байсан шүү. Бид хэзээ ч ингэж байгаагүй. Хүний эрх зөрчигдөх гэдэг энгийн үзэгдэл болсон байна.
Ш.Адьшаа гишүүний гарыг мушгиад намайг яаж байгааг та бүхэн лайваас харсан байх. Тэнд эмэгтэй УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн доороо дэвсэх юмгүй өлсгөлөн зарлаад байгааг хэлье" гэв.
НАМЫНХАА ДОТООД ЗӨРЧЛИЙГ ТӨРИЙН ХЯМРАЛ БОЛГОЖ ДЭВЭРГЭЖ БОЛОХГҮЙ
УИХ-ын дарга Г.Занданшатар "Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ бол хууль тогтоох үндсэн чиг үүргээ хэрэгжүүлдэг байгууллага. Энэ хүрээнд УИХ-ын гишүүд хууль санаачлах бүрэн эрх нь бий. Харин энэ индэрийг буруу ашиглаж, намынхаа дотоод зөрчлийг төрийн хямрал болгож дэвэргэж болохгүй. Өлсгөлөн зарлаж, хууль дээдэлдэг ёсыг зөрчиж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байгаа явдал мөн.
Хуулийг өөрсдийн бусармаг үйлдэл, явуургүй санаархалдаа нийцүүлэхийг оролдох эрх хэнд ч байхгүй.
Дотоод хагарал тэмцлээ Монголын төрд нялзаах гэж, хууль зөрчихийг шаардаж, буруу мэдээллээр ард түмнийг төөрөгдүүлж, эмх замбараагүй байдал руу оруулахыг оролдож байгаа үйлдлээ зогсоохыг шаардаж байна. Ардчилсан нам эрх мэдлээ булаацалдсан хоёр хуваагдсан байдлаа дотроо шийд. Танай намын дотоод зөрчлийг бид яаж шийдэх юм бэ? Нам дээрээ асуудлаа ярьж, намаа шинэчил" гэв.
ӨЛСГӨЛӨН ЗАРЛАЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН ҮГЭЭ ХЭЛЭХ, ЭРХЭЭ ЭДЛЭХ БАЙДЛЫГ ХАНГААЧ
УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Олонх байна уу цөөнх үү гэдгээс үл хамааран хүний эрхийг хангах нь чухал. Өлсгөлөн зарлаж байгаа хүмүүс рүү юу ч оруулахгүй байсан. Нэг намын асуудал биш. Монгол Улсад нэг намын хэт дарангуйлал ноёрхож байна.
Өлсгөлөн зарлаж байгаа хүмүүсийн үгээ хэлэх, эрхээ эдлэх эрхийг нь хангаач гэдэг шаардлагыг тавьж байна. Өчигдөр маш хүйтэн өдөр байсан. Майхангүй, дэвсгэргүй, АН-ын гишүүд өлсгөлөнгөө үргэлжлүүлсэн" гэлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар "С.Одонтуяа гишүүн хүний эрхтэй холбоотой санал хэллээ. Хүний эрхийн үндэсний комисс, холбогдох байнгын хороодод асуудлаа хэлээд хэлэлцэж болно. Дэд хороодын дарга нар энэ асуудлыг анхаараарай" гэв.
АРДЧИЛСАН НАМЫН 13 ГИШҮҮН ХОЙД ЭЦГИЙН ХҮҮХДҮҮД ЮМ УУ?
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Г.Занданшатар даргаа, Хойд Солонгос, Мьянмарын парламент биш биз? Яагаад бидний үг хэлэх эрхийг хаагаад байгаа юм бэ? Та чинь 76 гишүүний аав нь. Ардчилсан намын 13 гишүүн хойд эцгийн хүүхдүүд юм уу? Хүний микрофоныг хааж байна. УИХ-д үгээ хэлэх нь бидний бүрэн эрх" гэлээ.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын чуулганы хуралдаанаар Мөнгөн хадгаламж, эрх бүхий этгээдийн зээлийн үйл ажиллагааны тухай хууль хэлэлцэж байна. УИХ-ын чуулганы хуралдаан дэгтэй.
Ш.Адьшаа гишүүн та хуралдаа сууна уу. Чуулган тасалчихаад, микрофоноо ажиллуулж чадахгүйгээ үг өгөөгүй гэж хэлж болохгүй. Микрофон, төхөөрөмжөө ажиллуулж чадахгүй, юм уншихгүй юм" хэмээн хариулав.