/BBC/. Цахим худалдааны “Amazon.com” цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жефф Безос хүмүүсийг сансарт хүргэхэд бэлэн болсноо мэдэгджээ.
Түүний “Blue Origin” компани “New Shepard” пуужин, капсулаа ирэх долоодугаар сарын 20-нд хөөргөх ажээ. Ийнхүү аялах баг нь компанийн мэргэжилтнүүдээс голчлон бүрдэх боловч нэг суудлыг цахимаар дуудан худалдаалах гэнэ.
“New Shepard” зорчигчдыг тойрог замын доогуур буюу олон улсын хэлэлцээрээр сансрын эхлэх цэг хэмээн тодорхойлсон Карман шугамын ойролцоо хүргэнэ.
“Карман шугамыг ердөө 569 хүн давж байсан бол бидний “New Shepard” хөлөг цаашид энэхүү үзүүлэлтийг огцом нэмэгдүүлнэ” гэж “Blue Origin” компанийн сансрын нислэгийн стратеги, худалдаа хариуцсан дарга Ариан Корнелл ярьжээ.
Түүнээс Ж.Безос долоодугаар сарын 20-нд хийх аяллын бүрэлдэхүүнд багтах эсэх талаар асуухад хариулахаас татгалзсан байна.