С.Амарсайхан: Ирэх сарын 1 хүртэл хил нээхгүй

оруулсан Алсын Хараа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн “улаан” түвшинг “улбар шар” болгон буулгахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Вакциныг сайн дурын үндсэн дээр хийдэг. Вакцинаа хийлгээгүй иргэдийн хөдөлгөөнд тодорхой хязгаарлалт хийх нь хүний эрхийг зөрчих үү?

-Сангийн сайд Б.Жавхлан: Вакцин хийлгэх эсэх нь хүний эрх. Гэхдээ вакцин хийлгэх нь нийгмийн эрүүл мэндийн төлөөх хамгийн чухал үйлдэл. Цөөн хүн эрхээ эдэлж байна гээд олон хүний эрүүл мэндийг эрсдэлд оруулж болохгүй. Тиймээс нийгмийн хариуцлагаа нэгдүгээрт тавиад, вакцинаа хийлгэх нь хамгаас чухал.

-Эрүүл мэндийн байгууллагуудад дархлаажуулалтын гүйцэтгэлд тулгуурлан урамшуулал олгоно гэсэн. Нэг хүнийг дархлаажуулалтад хамруулахад хэдэн төгрөгөөр тооцож урамшуулал олгох вэ?

-Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Нэг хүнийг вакцинжуулахад тун бүрт 5000 төгрөгийн тарифтай байгаа. PCR шинжилгээний нэг сорьц 5000 төгрөг, өрх, сум, тосгоны эмнэлгээс хөнгөн өвчтөнийг гэрт нь тусгаарлаж эмчлэхэд 70 мянган төгрөг, хүндэвтэр, хүнд өвчтөнг 10 хоног эмчлэхэд 650 мянгаас 4,3 сая төгрөгийн санхүүжилт авна гэсэн үг.

-Жирэмсэн эмэгтэй вакцин хийлгэж болох уу?

-Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Коронавирусний вакцин шинэ вакцин. Жирэмсэн хүнд хийх зөвшөөрөл гараагүй байгаа. Харин хөхүүл хүн хийлгэж болно.

-“Спутник V” вакциныг хүлээж байгаа иргэн олон байна. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан: Вакциныг бид хүссэн цагтаа, хүссэн хэмжээгээр авах  боломж хомс байгаа. Вакцины ханган нийлүүлэлтэд асуудал бий. Энэ оны гуравдугаар сард 1 сая тун “Спутник V” вакцин худалдан авах гэрээ хийсэн ч ОХУ өөрөө дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа, гадаадад нийлүүлэх боломжгүй байгаагаас үүдэн татан авалт удааширч байна. Гэхдээ эхний 20 мянган тунг хүлээн авч, 65-аас дээш настай ахмадуудад хийж байгаа. Бид өнгөрсөн хугацаанд хөл хорио тогтоогоогүй бол өдөрт илрэх халдварын тоо 2500-3500 болох эрсдэлтэй байсан.

-Улсын хил нээх асуудлыг ярьсан уу?

-Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан: Халдварын тархалт буурахгүй байгаа тул ирэх сарын 1 хүртэл хил нээхгүй байхаар шийдвэрлэсэн.

-Хоёр тун вакцинд хамрагдсан иргэд орон нутаг руу зорчиход PCR шинжилгээ хийлгэх шаардлагатай эсэх асуудлыг шийдвэрлэсэн үү?

-Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан: УОК-оос журам батална. Хоёр тун вакцинд хамрагдсан иргэдийг орон нутаг руу шинжилгээний хариу шаардахгүйгээр зорчуулах, эдгэрсэн хүмүүст вакцин хийх зэрэг асуудлыг нарийн тогтооно.

Сэтгэгдэл бичих