Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд АН-аас нэр дэвшигч Н.Алтанхуяг СЕХ-нд материалаа хүлээлгэн өгөхөөр очив. СЕХ-ноос тус намыг бүртгэх хугацааг түр хойшлуулж өнөөдөртөө багтан нэг нэр дэвшигчээ тодруулж ирэхийг хүсэж материалыг нь хүлээн авахаас татгалзав.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд, УИХ-д суудалтай нам, эвслээс зөвхөн нэг нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр тусгасан. Гэтэл АН-аас С.Эрдэнэ, Н.Алтанхуяг гэсэн хоёр нэр дэвшигчийн материал Үндэсний аудитын газраас СЕХ-нд ирсэн хэмээн СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран энэ үеэр тодотголоо. Тэрбээр, "Намаас нэр дэвшиж байгаа хүмүүсийн сонгогдох эрх, мөн тус намыг дэмжигчдийн сонгох эрхийг хөндсөн асуудал болж байна. Аудитын байгууллага аль намаас, хэнийг нэр дэвшүүлэхийг тогтоох эрх хэмжээ байхгүй тул хоёр хүний материалд дүгнэлт гаргасан байна. Харин Улсын дээд шүүхээс ирсэн лавлагаагаар, АН-ын 2017 оны хоёрдугаар сарын 12-ны Долоодугаар их хурлын 03 дугаар тогтоолоор, намын даргаар С.Эрдэнийг сонгосон байна. Энэ тогтоолыг хүчингүй болгосон шийдвэр гараагүй гэдгийг уламжилсан. Тиймээс энэ асуудлаа цэгцэлж, Үндсэн хууль болон бусад хуульд заасны дагуу, нэг нэр дэвшигчээ дотооддоо тодруулахыг хүсэж байна. Нэр дэвшигчийн материалыг хүлээн авах хугацаа 24.00 цагт дуусна. Хоёр нэр дэвшигчийн материалыг бид хүлээн авбал, хууль тогтоомжоор намын дотоод дүрмээр зохицуулах асуудалд СЕХ хөндлөнгөөс оролцож нэр дэвшигчийг тодруулах нөхцөл байдал үүснэ" хэмээв.
АН-аас нэр дэвшигчийг бүртгэх хугацааг түр хойшлуулж байгаа бөгөөд өнөөдөр 18.00 цаг гэхэд асуудлыг цэгцэлж дахин хүрэлцэн ирэхийг хүсэв. Мөн 24.00 цагаас нэр дэвшигчийн материалыг дахин боловсруулах хуулийн зохицуулалт байхгүйг санууллаа.
Энэ үеэр нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ардчилсан нам хуваагдсан асуудал байхгүй бөгөөд Монгол Улс нэг намын дарангуйлалд орсны илрэл болж байна хэмээн мэдэгдэв. Тэрбээр, "Нэгдүгээрт, АН-ын тамгыг улсын бүртгэлийн байцаагч өөр хүнд шинээр хийлгэх эрх олгосон нь хууль зөрчсөн үйлдэл. Захиргааны хэргийн шүүх эл асуудлыг авч хэлэлцээд, энэ оны хоёрдугаар сарын 2-нд шинээр тамга олгосон шийдвэрийг түдгэлзүүлсэн. Тиймээс шинээр олгосон тамга хүчингүй. Түүнийг хүчинтэй болгох давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болсон ч хойшлуулсан. С.Эрдэнийн хэрэглэж байгаа тамга хүчин төгөлдөр биш. Хоёрдугаарт, УИХ-д суудалтай улс төрийн нам Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй. Тэгвэл АН-аас УИХ-д суудалтай 13 гишүүн нэг талдаа гарсан. С.Эрдэнийн талд нэг ч УИХ-ын гишүүн байхгүй. АН хоёр хуваагдсан гэж биднийг гутаан доромжилж байна. АН-аас суудалтай УИХ-ын 13 гишүүн АН-ынхаа талд байгааг гарын үсэг зурж бичгээр мэдэгдсэн. 21 аймаг, 9 дүүргийн намын хороо О.Цогтгэрэлд саналаа өгч даргаараа сонгосон гэсэн бүх бичиг, цаас нь байна. Манай намыг бүртгэхгүй гэвэл Монголын ард түмэндээ хандана" хэмээв.