АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден зургаадугаар сард Европт хийх айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй биечлэн уулзана гэж найдаж байна. Энэ тухай тэрбээр мягмар гарагт Цагаан ордонд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа мэдэгджээ.
Зургаадугаар сард “Долоогийн бүлэг” болон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Европ руу явах үеэрээ уулзах саналыг ОХУ-ын Ерөнхийлөгчид тавьж байгаа эсэхээ тодруулахыг хүсэхэд Цагаан ордны тэргүүн "Энэ бол миний найдвар, хүлээлт юм. Бид үүн дээр ажиллаж байна" гэж хариулсан байна.
В.Путин, Жо Байден нар дөрөвдүгээр сарын 13-нд АНУ-ын Ерөнхийлөгчийг үүрэгт ажилдаа орсноос хойш хоёр дахь удаагаа утсаар ярьсан билээ. Утсаар ярих үеэрээ АНУ-ын Ерөнхийлөгч ойрын саруудад гуравдагч оронд биечлэн уулзахыг В.Путинд санал болгосон гэж Цагаан ордон мэдээлсэн юм. Байден дараа нь Европт зун уулзах санал тавьсан гэж тайлбарласан. АНУ-ын засаг захиргааны тэргүүн зургаадугаар сарын дундуур “Долоогийн бүлэг” болон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Европт айлчлах юм.
“Долоогийн бүлэг”-ийн орнуудын удирдагчид зургаадугаар сарын 11-13-нд Их Британид уулзах бол Умард Атлантын гэрээний байгууллагын уулзалт зургаадугаар сарын 14-нд Брюссельд болно.