МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн материалыг СЕХ-нд хүлээлгэн өгөв

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшигч, Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн материалыг тус намын удирдлагууд СЕХ-нд өнөөдөр хүлээлгэн өгөв.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд, УИХ-д суудалтай нам, эвсэл дөрөвдүгээр сарын 30-наас нэр дэвшүүлэх ажлыг эхлүүлж, мөрийн хөтөлбөрөө Төрийн аудитын дээд байгууллагаар хянуулах бөгөөд энэ сарын 3-5-нд холбогдох материалаа СЕХ-нд хүлээлгэн өгөхөөр тусгасан. Энэ хүрээнд аудит хийлгэсэн мөрийн хөтөлбөр бүхий материалыг хүлээн авч буйг СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран онцлов.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулахдаа, Монгол Улсын Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, намын Үндсэн дүрэм зэргийг чанд мөрдсөн гэдгийг тэмдэглэв. МАН-ын Бага хурал энэ сарын 2-нд болж нэр дэвшигчээр У.Хүрэлсүхийг тодруулсан бөгөөд намын 250 мянган гишүүн, анхан болон дунд шатны 2500 салбар нэгжийн саналыг үндэслэсэн хэмээн тодотгов.

Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийн 17 зүйлд өөрчлөлт оруулах шаардлагыг Үндэсний аудитын газраас өгчээ. Энэ хүрээнд мөрийн хөтөлбөрт өөрчлөлт оруулж Үндэсний аудитын газраас дахин хянуулж бүртгүүлснийг онцолж, хуулийн бүх шаардлагыг хангасан гэлээ. Тэрбээр, "Бидний мөрийн хөтөлбөрт УИХ-ын 2020 оны сонгуульд оролцохдоо танилцуулж байсан "Хөгжлийн гэрээ"-г хэрэгжүүлэх чиглэлд онцгой анхаарч тусгасан байна. Монгол Улсад шударга ёсыг тогтоох, баялгийг тэгш хуваарилах, хүний эрх, эрх чөлөө, ардчиллын суурь зарчмыг бэхжүүлэхийг зорьж байна" хэмээлээ.

Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу нэр дэвшигчийн материалын бүрдлийг хянаж, хүлээлцэх тэмдэглэл хөтлөн гарын үсэг зурлаа.

Сэтгэгдэл бичих