УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцэв.
УИХ-аас 2021 оны нэгдүгээр сарын 29-нд Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан тус Байнгын хорооноос Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Улмаар 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийсэн. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн гэж Байнгын хорооны дарга М.Оюунчимэг танилцуулав.
Уг хуулийн төсөлд, "Энэ хуулийн 5.1.2-т заасан тэтгэмж авч байсан эх, эсхүл эцэг хүүхдээ 3 нас хүрэхээс өмнө ажилд орсон тохиолдолд тэтгэмжийг хүүхдээ асарч байгаа эх, эсхүл эцэгт олгоно” гэсэн зүйл нэмэхээр тусгажээ.
Мөн хуулийн нэрийн “ЭХ,” гэсний дараа “ЭЦЭГ,” гэж, 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “хүүхдээ асарч байгаа эх,” гэсний дараа “эцэг,” гэж, 2 дугаар зүйлийн гарчиг, 2.1 дэх хэсгийн “Эх,” гэсний дараа “эцэг,” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын “ажилгүй эх” гэсний дараа “, эцэг” гэж, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “хүүхдээ асарч байгаа эх” гэсний дараа “, эсхүл эцэг” гэж, 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийн “тэтгэмж авах эх” гэсний дараа “, эцэг” гэж тус тус нэмэхээр тусгав.
Хуулийн “6.3.Дөрөв хүртэлх насны ихэр хүүхэдтэй эх, эсхүл эцэг нэг удаа тэтгэмж авах эрхтэй.” гэсэн зүйл оруулахаар боловсруулав. Түүнчлэн хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийн “эцэг, эсхүл” гэснийг хасахаар болов.
Дээрх хуулийн төслийг 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгажээ.
Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэнтэй холбогдуулан үг хэлэх, санал хэлэх гишүүн байгаагүй тул эцсийн хэлэлцүүлэг хийсэн тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Туваан танилцуулахаар тогтлоо.