Коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд нэг сая дахь иргэн хамрагдсаныг Засгийн газрын ХМХГ-аас мэдээллээ. Ингэснээр зорилтот бүлэг буюу насанд хүрсэн хүн амынхаа 50 хувийг эхний тунд хамруулсан гэсэн үг юм.
Монгол Улсад 18-аас дээш насны 2,067,292 хүн байгаа. Эдгээр иргэнээс нэг сая нь эхний тун, 450 мянга гаруй нь хоёр тундаа бүрэн хамрагдаад байна. Орон нутагт вакцинжуулах ажлыг мөн эрчимжүүлсэн.
Тархвар судлаачид хүн амын 60 хувийг вакцинд бүрэн хамруулснаар сүргийн дархлаа тогтож, нийгэм энгийн амьдралдаа орох боломжтой болно хэмээн тооцож байсан бол энэ тооцоолол өөрчлөгдөж 80 хувийг бүрэн хамруулах шаардлагатай болсон талаар Монгол Улсын Дархлаажуулалтын ажлын хэсгийг ахалж буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хэлсэн.
ЭМЯ мөн 16-18 насны хүүхдүүдийг вакцин хамруулахаар судалгаа хийж байгаагаа мэдэгдээд буй. Гэвч энэ нь өнөө маргаашдаа шийдэх асуудал биш учраас насанд хүрэгчид вакциндаа бүрэн хамрагдвал хүүхдүүдээ эрсдэлээс сэргийлэх боломжтой хэмээн үзэж байгаагаа ЭМЯ-наас мэдээлсэн. Тиймээс нэг өдөр, нэг минутын өмнө нь гэсэн вакциндаа хамрагдахыг иргэдэд мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна.