Тавдугаар сарын Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өнөөдрөөс олгож эхэлсэн талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.
ХНХ-ын сайд А.Ариунзаяа, "Цар тахалын улмаас тогтоосон хөл хорионы хариу үйл ажиллагааны хүрээнд энэ оны 5 дугаар сарын хүүхдийн мөнгийг өнөөдрөөс олгохоор Сангийн яамтай хамтран ажиллаж байна. Удахгүй мөн Хүүхдийн мөнгө олгох журамд нэмэлт өөрчлөлт оруулж шинээр хүүхдийн мөнгө олгох хүсэлтийг цахимаар бүртгэх боломжийг бүрдүүлнэ" гэж мэдэгдэв.
Хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгох шийдвэрийг Засгийн газраас гаргаад яг нэг жил болж байна. “COVID-19" цар тахлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг гол хэсэг бол хүүхдийн мөнгийг 5 дахин нэмэгдүүлсэн шийдвэр юм. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ оны 6 дугаар сарыг дуустал хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгохоор төсөвт санхүүжилтийг тусгасан. Ингэхдээ нийтдээ 864 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан бөгөөд 1.2 сая хүүхэд энэхүү мөнгөн тэтгэлгийг авах юм. Анх 20 мянган төгрөгөөр эхэлж байсан хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн нь цар тахлаас үүдэлтэй хямралыг зөөллөхөд нөлөө үзүүлнэ гэж үзсэн юм.