УИХ дахь МАН-ын бүлэг /2021.05.03/ ээлжит хуралдаанаа хийж, Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжжээ.
Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөлд иргэний мэдээлэл авах эрхийн эрх зүйн орчныг сайжруулах, төрд байгаа мэдээллийг боловсруулж, нээлттэй өгөгдөл болгон иргэн, хуулийн этгээд чөлөөтэй ашиглах боломжийг бүрдүүлэх, цахим баримт бичгийг цаасан суурьтай баримт бичигтэй адил хүчинтэй байх, нотлох баримтын хэмжээнд үнэлэхээр заажээ. Энэ нь мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах, авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх нөхцөлийг хангаж, төсөв санхүүгийн хэмнэлт гаргана гэж МАН-ын бүлэг үзэж байна.
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслөөр хүний үндэс угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн чиг хандлага, бэлгийн харьцааны талаарх болон цахим хөгжилтэй уялдан гарч ирсэн хүний биометрик, генетик, цахим гарын үсэг зэрэг мэдээллийг хамгаалах талаар тусгаж Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг бэхжүүлжээ. Мөн энэ хууль батлагдсанаар хүний хувийн мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд заавал мэдээллийн эзний зөвшөөрөл авч цуглуулах, ашиглах нөхцөл бүрдэх юм байна.
Цахим гарын үсгийн тухай хуулийн төсөлд Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэн бүрт тоон гарын үсгийн гэрчилгээг үнэ төлбөргүй олгож, түүний иргэний үнэмлэхийн санах ойд тоон гарын үсэг хэрэглэхтэй холбоотой мэдээллийг байршуулахаар зохицуулж, гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух хугацаандаа тоон гарын үсэг авч хэрэглэж болохоор тусгажээ. Ингэснээр хүн, хуулийн этгээд, төрийн байгууллага хоорондоо цахим гарын үсэг хэрэглэн мэдээлэл дамжуулах, солилцох нөхцөлийг сайжруулж, цахим хэлбэрээр хийх гэрээ, хэлцлийн тоог нэмэгдүүлэх зэргээр цаасан суурьтай хэрэглээнээс татгалзахад ач холбогдол бүхий хуулийн төсөл болсон байна.