М.Тулгат даргатай АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэний материалыг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр төлөөлөн Сонгуулийн ерөнхий хороонд өнөөдөр хүлээлгэж өгөв.
Тус намын цахим сунгаагаар С.Эрдэнийг нэр дэвшүүлэхийг гишүүдийн олонх үзсэн тул өчигдөр нэр дэвшигчээр батламжилсан. Улмаар мөрийн хөтөлбөрийг нь Үндэсний аудитын газарт хүргүүлсэн байна. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, "УИХ-д суудалтай улс төрийн нам Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй байдаг. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар АН парламентад суудалтай болсон юм. Намын даргын асуудалд маргаан үүссэн болохоос биш АН байхгүй болсон юм биш. Шинэ даргыг Дээд шүүх бүртгэх хүртэл хуучин дарга нь хүчинтэй хэвээр байна. АН-ын дүрмээр нэр дэвших эрх болзол хангасан хүнд нэр дэвших эрх нь бий" хэмээгээд, СЕХ бүртгэхгүй байх асуудал гарахгүй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Хоёр "толгой"-той болоод буй тус намаас хоёр талд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулаад байгаа билээ. Тодруулбал, О.Цогтгэрэл тэргүүтэй АН-аас Н.Алтанхуяг, М.Тулгат тэргүүтэй АН-аас С.Эрдэнэ нэр дэвшихээр болоод байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу дээрх хоёр нэр дэвшигч материалаа Үндэсний аудитын газар өчигдөр хүргүүлсэн юм.
Ташрамд дурдахад, УИХ дахь АН-ын бүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Алтанхуягийг бүрэн дэмжиж ажиллахаа өнөөдөр илэрхийлсэн юм. "УИХ-д суудал авч Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхийг авчирсан тул Н.Алтанхуягийг бүртгэх хуулийн үндэслэл бий" хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь мэдэгдээд байгаа билээ.