УИХ дахь АН-ын бүлэг ерөнхийлөгчид нэр дэвшигчээр Н.Алтанхуягийг дэмжиж буйгаа илэрхийлэв

оруулсан Алсын Хараа

УИХ дахь АН-ын бүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Алтанхуягийг бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ. "УИХ-д суудал авч Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхийг авчирсан тул Н.Алтанхуягийг бүртгэх хуулийн үндэслэл бий" хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь мэдэгдэв. 

Хоёр удирдлагатай болоод буй тус намаас хоёр талд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулаад байгаа билээ. Тодруулбал, О.Цогтгэрэл тэргүүтэй АН-аас Н.Алтанхуяг, М.Тулгат тэргүүтэй АН-аас С.Эрдэнэ нэр дэвшихээр болоод байгаа юм. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, "Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар, парламентад суудалтай улс төрийн нам, эвслээс нэр дэвшүүлэх эрх үүсдэг. Өөрөөр хэлбэл, МАН, АН болон "Зөв хүн электорат" эвслээс Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх боломжтой. О.Цогтгэрэл тэргүүтэй Ардчилсан намын Их хуралд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд бүгд тэргүүлэгчээр оролцсон. Харин С.Эрдэнэ тэргүүтэй хүмүүсийн зохион байгуулсан АН-ын Их хуралд АН-аас УИХ-д суудалтай нэг ч хүн байгаагүй. УИХ-д суудал авсан 13 гишүүн нь Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхийг авсан. Тиймээс АН-ын Их хурлаас нэр дэвших эрх авсан Н.Алтанхуягийг Үндэсний аудитын газар бүртгэх хуулийн үндэслэл бий" хэмээлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар, тус газраас тодруулга авахаар албан бичиг хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Мөн Ардчилсан намын албан ёсны тамга үе үеийн дарга нараар дамжиж О.Цогтгэрэлд шилжин ирснийг УИХ-ын гишүүн Ц.Туваан онцолж, С.Эрдэнийг хуурамч тамга хийлгэж, түүнийгээ ашиглаж байгаа нь хууль бус үйлдэл гэдгийг тодотголоо.

Ташрамд дурдахад, УИХ дахь АН-ын бүлэгт өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар нэгдсэнээр тус бүлэг 13 гишүүнтэй болоод байгаа билээ.

Сэтгэгдэл бичих