"Хоёр толгойтой" хэмээн тодорхойлж болохоор нөхцөлд байгаа АН өнгөрсөн бямба гарагт дотооддоо хоёр сонгуулийг явуулсан.
О.Цогтгэрэл даргатай АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр тодруулсан байна. Тодруулбал, Дотоод сонгуулийн санал асуулгад УИХ-ын гишүүн Норовын Алтанхуяг 81.06 хувь буюу нийт 43,994 хүний санал авч ялалт байгуулсныг тус намаас зарлав. О.Цогтгэрэл даргатай АН-ын дотоод сонгуульд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Д.Ганбат, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нар нэр дэвшихээ илэрхийлж, Дотоод сонгуулийн хороонд бүртгүүлээд байсан. Тэгвэл дөрвөн нэр дэвшигчийн нэг нь буюу Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин дүрмийн бус сунгаа болж хэмээн мэдэгдээд нэрээ татсан юм.
Харин нөгөө талд буюу М.Тулгат даргатай АН-аас УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал, Л.Гүндалай, С.Эрдэнэ нар нэр дэвшихээ зарлаад сунгаанд оролцсон. Тэгвэл тус намын дотоод сонгуульд С.Эрдэнэ 1,953.05 оноогоор тэргүүлэн Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр тодроод байна. Бусад нэр дэвшигчийн хувьд,
- Р.Амаржаргал 1,826.03
- Ц.Оюунгэрэл 1,719.03
- Л.Гүндалай 1,463.92
- Д.Ганбат 637.28 оноо авчээ.
Үүнийг эсэргүүцэж буйгаа нэр дэвшигч Р.Амаржаргал өөрийн цахим хуудсаар мэдэгдээд байгаа билээ. Энэхүү сунгааны талаар М.Тулгат даргатай АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээр С.Эрдэнэ тодорсныг мөн танилцуулаад байна.
"Хоёр толгойтой" болсон АН-ын шинэ дарга нарын хэнийг нь ч Улсын дээд шүүх бүртгээгүй. Гэсэн ч хоёр тал аль аль нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулахаар дотоод сонгуулийн үйл ажиллагаа өрнүүлж буй.