Коронавируст халдварын 1185 тохиолдол бүртгэгдэв

оруулсан Алсын Хараа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 8522 хүнд шинжилгээ хийхэд, 1185 хүнээс коронавирус илэрлээ.

Үүний 1182 нь дотоод халдварын тохиолдол бол, эмнэлгээс шалтгаалсан 2 тохиолдол бүртгэгджээ. Харин зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдсэн нь Казахстан улсаас 4 дүгээр 23-ны өдөр Улаанбаатарт ирсэн Монгол Улсын иргэнээс халдвар илэрсэн байна. Ингэснээр нийт зөөвөрлөгдсөн тохиолдлын тоо 487 болжээ.

Улаанбаатарт хотод сүүлийн 24 цагт 1059 тохиолдол батлагдсанаар нийт тохиолдлын тоо 33 608 болсон бол, хөдөө орон нутагт буюу 20 аймагт 123 тохиолдол бүртгэгдсэнээр нийт тоо 4231 боллоо.

Харин сүүлийн 24 цагт эмнэлгээс болон гэрийн тусгаарлалтаас 1026 /эмнэлгээс гарсан 243 бол гэрийн ажиглалтаас эдгэрч гарсан 783 хүн байна/ хүн гарснаар нийтдээ 21 мянга 707 хүн эдгэрсэн байна. Хөдөө орон нутгаас сүүлийн 24 цагт халдварын тохиолдол Орхон, Завхан аймагт хамгийн олон буюу 35 болон 32, мөн Говь-Алтай аймагт 26, Дархан-Уул аймагт 14 хүн бүртгэгдсэн нь олон тохиолдол илэрсэн аймгууд боллоо.

Энэ 24 цагт 2 хүн /эрэгтэй 84 настай, 47 настай эмэгтэй/ коронавируст халдвараар нас баржээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 117 боллоо гэж ЭМЯ-наас  мэдээлэв.

Сэтгэгдэл бичих