Бүрэн дархлаажсан Америкчуудын тоо 100 саяд хүрлээ

оруулсан Алсын Хараа

/Associated Press/ Коронавирусийн эсрэг вакцинжуулалтад бүрэн хамрагдсан АНУ-ын иргэдийн тоо өчигдөр 100 саяд хүрчээ. Өөрөөр хэлбэл тус улсын насанд хүрсэн хүн амын 39 хувь нь бүрэн дархлаажсан бол 55 хувь нь вакцины эхний тунгаа тариулсан байна.

Вакцинжуулалтын үр дүнд нэгдүгээр сарын дундуур өдөрт 3,400 орчим хүн Covid-19 өвчний хүндрэлээр нас бардаг байсан бол өнөөдөр дунджаар 670 болж буурчээ.

Сонирхолтой нь эхний тунгаа тариулсан хүмүүсийн 8 орчим хувь нь хоёр дахь тунгаа хийлгэлгүй орхисон байна. Тиймээс хоёр дахь тунгаа марталгүй тариулахыг өчигдөр Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр албаныхан анхааруулжээ.

Хэдийгээр вакцинжуулалтын хурд сайн байгаа ч тайвширч болохгүй, хүн амын 70-85 хувийг вакцинжуулсны дараа сүргийн дархлаа тогтох ёстойг мэргэжилтнүүд сануулж байна.

Өчигдөр бас АНУ-ын засаг захиргаа цар тахлын гамшигт нэрвэгдээд байгаа Энэтхэг улсаас ирэх зорчигчдод Мягмар гарагаас эхлэн хилээ хаах болсныг зарлажээ. Дархлаажуулалтын явц сайн байгаатай холбоотойгоор Америкчууд хэвийн амьдралд бага багаар шилжиж эхлээд байна.

Тухайлбал сүүлийн 13 сарын турш хаалттай байсан Өмнөд Каролинагийн Диснейлэнд өчигдөр үүд хаалгаа нээжээ. Эхний ээлжинд зөвхөн тус мужийн иргэдэд багтаамжийнхаа 25 хувийн дүүргэлттэйгээр үйлчлэх юм байна.

Мөн далайн аяллын хөлөг онгоцнуудын үйлчилгээг ирэх зуны дундаас нээх зөвшөөрлийг Цагаан ордон тус салбарынханд олгожээ. Ингэхдээ хөлгийн багийн гишүүдийн 98 хувь, зорчигчдын 95 хувь бүрэн дархлаажсан байх нөхцөл тавьсан байна.

Пүрэв гарагт АНУ-ын хамгийн том хот Нью Йоркийн захирагч Билл де Бласио долдугаар сарын 1-нээс эхлэн хорио цээрийн дэглэмээ бүрэн цуцлах төлөвлөгөөг зарласан юм.

Харин тус хот харъяалагддаг Нью Йорк мужийн захирагч Эндрью Куомо энэ төлөвлөгөөг наашлуулах боломжтойг дараа нь мэдэгджээ.

“Би тийм удаан хүлээмээргүй байна. Хэрвээ бид хийх ёстой зүйлсээ хийж чадвал наана нь ч цуцлах боломжтой” гэж тэр хэлсэн байна.

Өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Нью Йорк хотын ресторанууд тавдугаар сарын 7-ноос эхлэн багтаамжийнхаа 75 хувийн дүүргэлттэй ажиллах болсныг Куомо мэдэгджээ.

Сэтгэгдэл бичих