Ц.Ганзориг: Улаанбаатарт 470 мянган хүн огт вакцин хийлгээгүй байна

оруулсан Алсын Хараа

Нийслэл хотод вакцинд хамрагдах зорилтот бүлгийн 1,143,025 иргэн байгаагаас өнөөдрийн 15:00 цагийн байдлаар 470,318 нь вакцин хийлгээгүй байгааг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг твиттер хуудсаараа мэдэгджээ. Тэрбээр, "16 цагийн байдлаар Улаанбаатарт 470 мянган хүн огт вакцинаа хийлгээгүй байна. Нийслэлчүүдийн 59 хувь нь вакцинаа тариулсан. Нийслэлийн 112 цэгт 1900 эмч, эмнэлэгийн ажилтан хэвийн амьдралын төлөө,гэр бүлээ умартан ажиллаж байна. 5.08 хүртэл хөл хорионы үр дүн нь вакцинжуулах." хэмээн жиргэжээ.

Зорилтот бүлгийнхэн буюу 18-наас дээш насны 1.1 сая иргэнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 58.5 хувь нь эхний тунд, 30.5 хувь нь хоёр дахь тунд хамрагдаад байгаа ажээ.

Нийслэлийн 112 цэгт байгуулсан дархлаажуулалтын суурин болон явуулын цэгт 1,900 орчим эрүүл мэндийн ажилтан ажиллаж байгаа. Өдөрт дунджаар 70-75 мянган хүнд вакцин хийх нөхцөлийг бүрдүүлсэн ч 50 мянган хүн вакцин хийлгэж байгааг ЭМЯ-наас өнөөдөр ээлжит мэдээллийн үеэр хэлсэн.

Хөл хорионы хугацаанд буюу энэ сарын 8-н хүртэл нийслэлд вакцинжуулалтыг эрчимтэй явуулж 9-ний өдрөөс эхлэн цэгийн тоог цөөрүүлнэ гэдгийг мөн албаныхан мэдээлээд байна.

Манай улс дархлаажуулалтын тухай хуультай бөгөөд таван төрлөөр дархлаажуулалтыг хийдэг. Тодруулбал,

  • Заавал хийх дархлаажуулалт
  • Нөхөн дархлаажуулалт
  • Нэмэлт дархлаажуулалт
  • Сайн дурын дархлаажуулалт
  • Тархвар судлалын заалтаар буюу халдварт өвчний голомтод халдварт өвчнөөс сэргийлэх, тархалтыг хязгаарлах, өвчнийг устгах зайлшгүй арга хэмжээний үндэслэлээр хийх дархлаажуулалт хийнэ.

Тархвар судлалын заалтаар хийгдэх дархлаажуулалт нь сайн дурын үндсэн дээр хийгддэг.

Сэтгэгдэл бичих