Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулах санал асуулга Ардчилсан намын анхан болон дунд шатны гишүүдийн дунд эхэлсэн талаар О.Цогтгэрэл тэргүүтэй Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал өнөөдөр мэдээлэв.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд, дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд парламентад суудалтай улс төрийн намууд нэр дэвшигчээ тодруулахаар заасан. Энэ хүрээнд дөрөвдүгээр сарын 30-наас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах санал асуулгад орох хүмүүсийг бүртгэжээ. Бүртгэлээр, С.Ганбаатар, Х.Тэмүүжин, Н.Алтанхуяг, Д.Ганбат нар материалаа өгсөн байна. Тиймээс эдгээр хүмүүсээр АН-ын анхан болон дунд шатны гишүүдээс санал асуулга явуулах бөгөөд энэ сарын 2-нд намын их хурлын гишүүд эцэслэн шийдвэрлэх аж.
Ташрамд дурдахад, АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүс хоёр удирдлагатай болоод буй тус намын хоёр талд материалаа хүргүүлээд байна. Тодруулбал, О.Цогтгэрэл тэргүүтэй АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар, УИХ-ын гишүүн асан, ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин нар холбогдох материал, хүсэлтээ хүргүүлээд байна.
Харин М.Тулгат тэргүүтэй АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр, мөн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат болон Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Л.Гүндалай, С.Эрдэнэ нар материал, хүсэлтээ илэрхийлээд байгаа юм.
АН-ын даргаар бүртгүүлэхээр хоёр талаас ирүүлсэн хүсэлтийг Улсын дээд шүүх мягмар гарагт хэлэлцсэн бөгөөд, намын дотоод маргаанд оролцох хуулийн боломж байхгүй тул аль аль талыг нь бүртгэхээс татгалзаад байгаа.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар, УИХ-д суудалтай улс төрийн намууд тавдугаар сарын 3-5-ны дотор СЕХ-нд зөвхөн нэг нэр дэвшигчийг тодруулж материалыг нь хүргүүлэх ёстой. Тиймээс АН-ын хоёр талаас нэр дэвшүүлэх хүмүүсийн аль нэгийг нь СЕХ бүртгэх тул дотоод маргаанаа шийдвэрлэх нь чухал юм. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гуравдугаар сарын 23-нд хоёр тал болоод буй намын удирдлагыг нэгдэж, Ерөнхийлөгчид нэр дэвших нэг хүнээ тодруулахыг уриалсан. Тэрбээр, "АН-аас хоёр нэр дэвшигчийн материал СЕХ-нд очвол нэг нь албан ёсны тамгатай, нөгөөх нь цахим бүртгэлгүй гэх үндэслэлээр хоёулаа нэр дэвшигчээ хасуулах эрсдэлтэй" хэмээж байсан юм.