АН-ын хоёр тал Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна

оруулсан Алсын Хараа

АН-аас нэр дэвших хүсэлтэй хүмүүс хоёр удирдлагатай болоод буй тус намын хоёр талд материалаа хүргүүлээд байна. 

Тодруулбал, О.Цогтгэрэл тэргүүтэй АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар, УИХ-ын гишүүн асан, ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин нар холбогдох материал, хүсэлтээ хүргүүлээд байна. 

Харин М.Тулгат тэргүүтэй АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр, мөн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат болон Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Л.Гүндалай нар материал, хүсэлтээ илэрхийлээд байгаа юм. 

АН-ын даргаар бүртгүүлэхээр хоёр талаас ирүүлсэн хүсэлтийг Улсын дээд шүүх мягмар гарагт хэлэлцсэн бөгөөд, намын дотоод маргаанд оролцох хуулийн боломж байхгүй тул аль аль талыг нь бүртгэхээс татгалзаад байгаа юм. 

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар, УИХ-д суудалтай улс төрийн намууд тавдугаар сарын 2-5-ны дотор СЕХ-нд зөвхөн нэг нэр дэвшигчийг тодруулж материалыг нь хүргүүлэх ёстой. Тиймээс АН-ын хоёр талаас нэр дэвшүүлэх хүмүүсийн аль нэгийг нь СЕХ бүртгэх тул дотоод маргаанаа шийдвэрлэх нь чухал юм. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гуравдугаар сарын 23-нд хоёр тал болоод буй намын удирдлагыг нэгдэж, Ерөнхийлөгчид нэр дэвших нэг хүнээ тодруулахыг уриалсан. Тэрбээр, "АН-аас хоёр нэр дэвшигчийн материал СЕХ-нд очвол нэг нь албан ёсны тамгатай, нөгөөх нь цахим бүртгэлгүй гэх үндэслэлээр хоёулаа нэр дэвшигчээ хасуулах эрсдэлтэй" хэмээж байсан юм.

Ташрамд дурдахад, АН-ын дарга асан С.Эрдэнэ 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, намын тамгыг УИХ-ын гишүүн Ц.Туваанд шилжүүлсэн юм. Удалгүй С.Эрдэнэ АН-ын дарга хэвээр байгаагаа илэрхийлж тус нам хоёр тал болж хуваагдсан бөгөөд тус тусын шинэ даргыг сунгаа хийж тодруулаад байгаа юм.

М.Тулгат тэргүүтэй талаас Ардчилсан намын Үндсэн дүрмийн болон Дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн бүртгүүлэх гэснийг Улсын дээд шүүх хүлээж аваагүй юм. Тиймээс тус намын өмнөх их хурлаар байгуулагдсан Б.Мягмардаш даргатай Үндсэн дүрмийн хороо, И.Мөнхжаргал даргатай Дотоод сонгуулийн хорооны бүрэн эрх хэвээр байгаа аж.

И.Мөнхжаргал даргатай Дотоод сонгуулийн хороо нь саналын хуудсаар намын даргын сонгууль зохион байгуулж 70 мянга гаруй гишүүн саналаа өгснөөс УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл ялалт байгуулжээ. Харин С.Эрдэнийн талаас зохион байгуулсан цахим сонгуульд 30 мянган гишүүн саналаа өгснөөс М.Тулгат ялалт байгуулсныг дурдах нь зүйтэй.

Сэтгэгдэл бичих