Умард Солонгосын хөлөг онгоцнууд гуравдугаар сараас хойш Хятадын боомтуудад нэвтэрч эхэлжээ.
Коронавирусний халдварт өвчний дэгдэлттэй холбоотой болгоомжлолын улмаас өнгөрсөн оны 7 дугаар сараас хойш Хятадын боомтуудад хийдэг далайн тээвэрлэлтээ БНАСАУ зогсоогоод байсан юм.
Үүнээс гадна Японы “Sankei” сонины БНСУ-ын тагнуулын газрын мэдэгдлээс эш татан мэдээлсэнээр, БНАСАУ-аас төмрийн хүдэр тээвэрлэсэн тохиолдлууд бүртгэгджээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс авсан хоригийн хүрээнд Умард Солонгосыг ийм төрлийн бараа экспортлохыг нь хориглосон байдаг аж.
Халдварт өвчний дэгдэлтээс сэргийлэхийн тулд БНАСАУ-ын эрх баригчид өнгөрсөн оны нэгдүгээр сарын сүүлчээр Хятадтай залгаа хилээ хаажээ. Нутаг дэвсгэрт нь халдварын нэг ч тохиолдол илрээгүй хэмээн БНАСАУ мэдэгдсэн юм.
БНАСАУ-д бүх хөлөг онгоцыг далайд гарахыг хориглосон тухай БНСУ-ын тагнуулын алба 11 дүгээр сард мэдэгдсэн байна. Үүний улмаас Хятадын Далянь хотын боомт дээр БНАСАУ руу тусламж болгон 110 мянган тонн будааг илгээх боломжгүй болсон байна.
Гэсэн ч Хятадын гаалийн статистик мэдээлэлд дурдсанаар, хоёр улс хоорондын далайн худалдаа сэргээд байгаа аж. Тодруулбал, 1,2 дугаар сард хоёр улсын худалдааны эргэлтийн хэмжээ тэгт дөхөж байсан бол гуравдугаар сард 14.3 сая ам.доллар болсон байна. Хятадаас БНАСАУ руу одоогоор голчлон химийн бордоо, хортон шавьж устгах бодис нийлүүлж байгаа аж. Үүнээс гадна хуурай замаар худалдаа хийх боломжийг сэргээхээр зэхэж байна.