МАХН-ын гишүүнчлэлээс татгалзсан УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр АН-д элслээ. Тэрбээр өнөөдөр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлээс намын батлахаа гардаж авсан юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, “Өнөөдөр Ардчилсан нам бүл нэмж байна. УИХ-ын гишүүн С.Ганбаатар улс төрийн сонголтоо хийн Ардчилсан намд элсэж байна. С.Ганбаатар гишүүн бол ард иргэд, хөдөлмөрчин ангийн талд байж ирсэн хүн гэж үздэг. Энэ нь Ардчилсан намын үзэл санаатай нийцдэг. Ийнхүү өнөөдөр АН, УИХ дахь АН-ын бүлэг бүл нэмж байна” гэв.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-аас татгалзах өргөдлөө өгөхдөө, "Эрх баригчидтай шударга тэмцэж, бие биедээ хань болж, дэм болж явсан МАХН-ын журмын нөхөд, удирдлага, хамт олондоо сайн сайхныг хүсэж байна. УИХ-д Эрдэнэт хотынхоо иргэдийн дуу хоолойг хүргэнэ. МАН-ын 62 суудлыг 63 болго гэж намайг УИХ-ын гишүүнээр сонгож санал өгөөгүй. Эрдэнэт хотынхоо иргэдийн эрх ашгийн төлөө тууштай ажиллах болно" хэмээж байсан юм.