Морингийн даваа орчимд барих "Залуус-1” орон сууцны төслийг танилцуулав

оруулсан Алсын Хараа

Улаанбаатар хотын ХУД-ийн Морингийн даваа орчимд 3-5 мянган айлын “Залуус-1” орон сууцны хорооллыг барих төслийн явцыг танилцууллаа.

Төслийн хүрээнд “Төрийн орон сууцны корпорац” ТӨХХК-ийн эзэмшлийн 57 га, “Нийслэлийн орон сууцны корпорац” ХК-ийн эзэмшлийн 34 га талбайд орон сууц барина.

“Залуус-1” орон сууцны хорооллыг хэрэгжүүлэх байршлыг тогтоосон тул БХБЯ, НЗДТГ, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, холбогдох байгууллага хамтран шинэ дэд төв хөгжүүлэх, авто замын орц, гарцыг шийдэх, эрчим хүчний эх үүсвэр, дэд бүтцийн хангамжийг оновчтой төлөвлөхөөр орон сууцны хорооллын техник эдийн засгийн урьдчилсан судалгаа, эх загвар зураг боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулаад байна.

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар танилцуулгыг сонсоод, ажлын хэсгийн гүйцэтгэх ажлыг эрчимжүүлэх, холбогдох байгууллагын уялдаа холбоог сайжруулахыг үүрэг болгов.

Төслийг нийслэлийн төвлөрлийг сааруулах, шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх, иргэдийн орлогод нийцсэн орон сууцаар хангах зорилтын хүрээнд хэрэгжүүлж байгаа юм.

Сэтгэгдэл бичих