УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДИЙН 37 ХУВЬ НЬ ВАКЦИНЫ ЭХНИЙ ТУНДАА ХАМРАГДЖЭЭ

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалтын цэгүүдэд өнөөдөр ажиллав. Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах "Амгалан цогцолбор сургууль"-ийн дархлаажуулалтын цэг болон 84 дүгээр сургуулийн вакцинжуулалтын цэг дэх ажлын явцтай танилцлаа.

Дархлаажуулалтын цэгүүдийн ачаалал харилцан адилгүй байна. Өнөөдрөөс эхлэн нийслэлд 18 ба түүнээс дээш насанд хүрэгчдийн насны хязгааргүйгээр нэгдүгээр тунд хамруулж байгаа юм. Түүнчлэн орон нутгийн харьяалалтай ч Улаанбаатарт байгаа болон Монгол Улсад амьдардаг гадаадын иргэд вакцинд хамрагдах боломжтой.

Тавдугаар сарын 8-10-ны хооронд нийслэлийн зорилтот 1.1 сая хүнийг вакцины нэгдүгээр  тунд бүрэн хамруулна. Хоёрдугаар тун мөн зэрэгцээ хуваарийн дагуу хамрагдана. Өдөрт 60.000-70.000 хүнийг дархлаажуулалтад хамруулна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Вакцинжуулалтын ажлыг Засгийн газар эхний 100 хоногт багтааж зохион байгуулахын төлөө чадах бүхнээ хийнэ. Энэ дагуу өнгөрсөн 90 орчим хоногт иргэдээ дархлаажуулалтад хамруулах зорилгын төлөө ажиллаж байна. Өнөөдрийн 15 цагийн байдлаар улсын хэмжээнд 769,451 хүн вакцины нэгдүгээр тунд буюу зорилтот бүлгийн 37 хувь нь, хоёрдугаар тунд 282,163 хүн буюу зорилтот бүлгийн 14 хувийг хамруулж чадсан байна. Иргэдээ хөл хорионы үед халдвар хамгааллын дэглэмээ сахин вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна” гэлээ.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэдээ дархлаажуулах ажилд идэвхтэй оролцож байгаа эрүүл мэндийн салбарынханд талархаж буйгаа энэ үеэр илэрхийлсэн юм.

4 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод 100 гаруй цэгт 297 багийн 2,310 эмч, ажилтан ажиллаж, 74,586 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих