Коронавирусийн цар тахлын хоёр дахь давалгаанд амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдсэн нь Энэтхэгийн нийслэл Дели хотын шарил чандарлах газруудын ачааллыг эрс нэмэгдүүлжээ.
Ачааллаа дийлэхгүй байгаа эдгээр газрууд 24 цагаар ажиллаж, зай багтаамжаа өргөтгөсөн байна.
Амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн шарил чандарлах газрын гадаа олон цагаар дугаарлан хүлээх болжээ.
Даваа гарагт зөвхөн Дели хотод 380 хүн Covid-19 өвчний хүндрэлээр нас барсан байна.
Тус хотын Сарай Кале Хан чандарлах газар шинээр 27 зуух нэмж, ойролцоох автомашины зогсоолын талбайг өргөтгөл болгон ашиглаж эхэлжээ. Үүнээс гадна Ямуна голын эрэг дагуу нэмэлт талбай авахаар хөөцөлдөж байгаа гэнэ.
Уг чандарлах газар нь нэг өдөрт 22 шарил хүлээж авах багтаамжтай бол одоо ажилчдаа 24 цагаар ээлжлүүлэн ажиллуулах болжээ. Хэт ачааллын улмаас шарил чандарлах төмөр зуух нь хайлсан тухай мэдээлж байна.
Дели хотын гудамжинд тарьсан моддыг тайрч, шарил чандарлахад түлээ болгон ашиглаж эхэлсэн байна. Нас барсан хүмүүсийн ар гэрийнхнийг түлээ бэлдэх ажилд бас оролцуулах болжээ.
20 сая орчим оршин суугчтай Дели хотын эмнэлгүүд дүүрч, хүчилтөрөгчийн нөөцгүй болсон тул ойрын өдрүүдэд шарил чандарлах газруудын ачаалал буурахгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Даваа гарагт тус улсад 350,000 гаруй хүн коронавирусийн халдвар шинээр авсан нь Энэтхэгт төдийгүй дэлхийн хэмжээнд цар тахлын хамгийн өндөр үзүүлэлт болсон юм.
Өчигдөр буюу Мягмар гарагт энэ тоо 323,144 болж, бага зэрэг буурсан байна. Нийтдээ Энэтхэгт халдварын тохиолдол 17 саяд дөхөж, 192,000 гаруй хүн нас баржээ.
Саяхнаас дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд Энэтхэг улсад тусламжийн гараа сунгаж эхэлсэн юм.
АНУ, Их Британи, Франц, Герман, Австрали, Ирланд улсууд одоогийн байдлаар эм, эмнэлгийн хэрэгсэл, хүчилтөрөгч, амьсгалын аппарат зэргийг тусламж болгон илгээхээ мэдэгдээд байна.
Эх сурвалж: BBC