Эрэн хайх ажиллагааг 5 бүлэгт хуваагдан үргэлжлүүлж байна

оруулсан Алсын Хараа

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн Тэгш булан гэдэг газар энэ сарын 21-нд  Сэлэнгэ мөрнийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн усанд осолдсон. Одоогоор осолдсон 3 иргэний цогцсыг эрэн хайх ажиллагаа 8 дахь өдрөө үргэлжилж байна.

Ослын газарт Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид, Тосонцэнгэл, Рашаант, Их-Уул, Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагаанд 5 бүлэгт хуваагдан оролцож байна.

Цаг агаарын хувьд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, Их-Уул, Тариалан сумын нутгаар салхи тогтуун, өдөртөө 4-9 градус дулаан, шөнөдөө 3-7 градус хүйтэн байгаа аж.

Сэтгэгдэл бичих