Чөлөөт бөхийн зарим тамирчнаас "Ковид-19" халдвар илэрчээ

оруулсан Алсын Хараа

Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ны гадаад харилцааны албаны дарга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчдаа ахлан оролцсон П.Буяндэлгэр Шигшээ багийн зарим тамирчны коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан талаар мэдээллээ.

Казахстаны Алматы хотод энэ сарын 9-11-нд чөлөөт, сонгомол бөхийн олимпын эрхийн тэмцээн болж, үргэлжлүүлээд 13-18-нд Ази тивийн АШТ болсон. Тус тэмцээнд Монголын шигшээ баг амжилттай оролцсон бөгөөд тамирчдын түрүүч эх орондоо ирээд байгаа юм.

Тэрбээр "Бид Казахстан улсыг 43-уулаа зорин, хоёр ч том тэмцээнд оролцсон. Цааш тэмцээнээ үргэлжлүүлэхээр Алматы хотод 8 нь үлдэж, бусад 35 нь эх орондоо ирээд 4 хонож байна. Алматы хотод байх хугацаанд 2-3 удаа шинжилгээнд хамрагдсан, ирэхээсээ 2 өдрийн өмнө шинжилгээ өгөөд бүгд сөрөг гарч, эх орондоо ирсэн. Харин ирээд хэд хэдэн хүүхдийн шинжилгээ эерэг гарлаа. Дараалсан тэмцээнд оролцож, баг тамирчдаа халдвар авах эрсдэлээс бүрэн хамгаалах ямар хүндрэлтэй байдгийг маш сайн ойлгосон. Эх орондоо буцсан Япон, БНСУ, Киргиз, Иран зэрэг орон болон манай оролцогчдоос “Ковид-19” халдвар илэрсэн нь тун харамсалтай. Дэлхий дахиныг түгшээсэн энэ цар тахлын үед гадагшаа олон улсын тэмцээнд оролцож байгаа ямар ч спортын төрлийн хэн ч гэсэн асар өндөр эрсдэл дунд явж байгаа тул хэн нэгнээ буруутгалгүй, эерэг байж хамтдаа хичээцгээе" гэлээ.

Казахстанд үлдсэн баг бүрэлдэхүүн мөн шинжилгээ өгсөн бөгөөд сөрөг хариу хүлээн авч бэлтгэл сургуулиа ваакум орчинд үргэлжлүүлж байгааг шигшээ багийн ахлах дасгалжуулагч мэдээлжээ.

Халдвар хамгааллын дэглэмээ сахиж, сахилга баттай, өөрийгөө болон өрөөлийг болзошгүй эрсдлээс хамгаалахыг чөлөөт бөх болон бусад төрлийн спорт холбоодод МЧБХ-ноос уриалж байна.

Сэтгэгдэл бичих