МАН, МАХН нэгдэх зөвшилцөлд хүрснээ зарлаж, МАН-аас нэр дэвшиж байгаа хүнийг дэмжиж сонгуульд оролцоно

оруулсан Алсын Хараа

МАН, МАХН нэгдэх зөвшилцөлд хүрсэн тухай хоёр намын удирдлагууд өнөөдөр мэдэгдлээ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан энэ талаар мэдэгдэхдээ, 100 жилийн өмнө нэг сууринаас эхэлсэн, нэг түүхтэй намуудын хувьд улс төрийн байр суурийн зөрүү арилж буйг онцолсон. Нэгдмэл байр сууриар хамтран зүтгэж, бусад намуудтайгаа эх орныхоо эрх ашгийг хангахын төлөө ажиллах шаардлагатайг тэмдэглэсэн юм.

Намууд нэгдэхэд гишүүд, дэмжигчид гол үүрэг гүйцэтгэж буйг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга онцлоод, нэг зүгт харж урагшлах нь ирээдүйн хөгжил, дэвшилд түлхэц болохыг тодотгов.

МАН-ын ахмад гишүүд болох Монгол улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, АИХ-ын дарга асан Ж.Гомбожав, Д.Цэвээнжав, Ө.Дорждэрэм, Ч.Хурц тэргүүтэй эрхмүүд 2014 оноос хойш удаа дараалан хоёр намыг нэгтгэх асуудлаар уриалга гаргаад байв. Хамгийн сүүлд энэ оны гуравдугаар сарын 3-нд энэхүү урилгыг дахин дэвшүүлсэн юм.

2010 оны 11 дүгээр сард МАХН хуучин нэрээ сэргээж, МАН болох шийдвэр гаргасныг эсэргүүцсэн тус намын хэсэг нь МАХН-ыг бие даан байгуулснаар тусдаа үйл ажиллагаагаа явуулж өдий хүрсэн юм.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд, УИХ-д суудалтай улс төрийн намаас сонгуульд нэр дэвшүүлэхээр заасан байдаг. Тэгвэл УИХ-д эрх баригч МАН-тай МАХН нэгдсэнээр, дундаасаа нэг нэр дэвшигч дэвшүүлэх болж байна.

Сэтгэгдэл бичих