Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар танилцуулав.
Энэ сарын 27-ны 19.00 цагийн байдлаар, улсын хэмжээнд 744 мянга 564 иргэнийг (зорилтот бүлгийн 36 хувь) вакцины нэгдүгээр, 262 мянга 466 иргэнийг хоёрдугаар тунд хамруулаад байна. Үүнээс нэгдүгээр тунд хамрагдсан 592 мянга 362 иргэн, хоёрдугаар тунд хамрагдсан 253 мянга 321 иргэн нь нийслэлийн иргэн аж.
Засгийн газраас нийслэлийн насанд хүрсэн иргэд буюу зорилтот бүлгийг Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд вакцины нэгдүгээр тунд бүрэн хамруулж дуусгах үүргийг Улсын болон Нийслэлийн онцгой комисст өгөв. Өөрөөр хэлбэл, өнөөдрөөс ирэх сарын 8-ныг дуустал нийслэлийн 18-аас дээш насны 1.1 сая иргэнийг "КОВИД-19"-ийн вакцины нэгдүгээр тунд бүрэн хамруулах юм.
Дархлаажуулалтыг ачаалал, хүндрэл үүсгэхгүй зохион байгуулахыг Улсын болон Нийслэлийн онцгой комисст даалгалаа. Мөн иргэдийг дархлаажуулах үед халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байхыг анхааруулав.
Нэгдүгээр тунгаас гадна хоёрдугаар тундаа хамрагдах иргэдийг мөн хуваарийн дагуу давхар дархлаажуулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.