БНСУ-д коронавирусний хувилбараар халдварласан тохиолдлын тоо нэмэгджээ

оруулсан Алсын Хараа

БНСУ-д өнгөрсөн долоо хоногт коронавирусний илүү хурдан халдварладаг хувилбараар халдварласан 86 тохиолдол шинээр илэрснээр ийм тохиолдлын нийт тоо 535-д хүрчээ.

Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс өнөөдөр мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлуудын 52 нь дотоодод халдварласан бол 34 нь зөөвөрлөгдөн иржээ. Мөн тэдний 28 нь гадаадын иргэн байна.

Анхны вирустэй нь харьцуулахад илүү хурдан халдварладаг коронавирусний хувилбарууд тархаж буй нь цар тахлын эсрэг дэлхий дахины тэмцлийг улам хүндрүүлэх болоод байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд Их Британи, Өмнөд Африк, Бразилд анх илэрсэн хувилбарууд тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд сонор сэрэмжтэй ажиллаж байгаа ажээ.

БНСУ-д коронавирусний хувилбараар халдварласан тохиолдлуудын 464 нь Их Британид анх илэрсэн, 61 нь Өмнөд Африкт илэрсэн, 10 нь Бразилд тархсан хувилбараар халдварласан байна.

БНСУ коронавирусний шинэ хувилбарын тархалтыг хязгаарлахын тулд өнгөрсөн 12 дугаар сарын 23-наас Их Британитай зорчигч тээврийн нислэгээ зогсоосон бөгөөд энэхүү шийдвэрийн хэрэгжих хугацааг ирэх тавдугаар сар хүртэл сунгажээ.

Мөн гадаадын орнуудаас ирсэн бүх иргэнээс 72 цагийн дотор өгсөн шинжилгээний хариугаа сөрөг гарсныг батлах бичиг шаардаж байгаа юм.

БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд “COVID-19”-өөр халдварласан 512 тохиолдол шинээр илэрснээр халдвар авсан хүний нийт тоо 119 898-д хүрсэн байна.

Сэтгэгдэл бичих