"Токио-2020" олимпын наадмын өмнө "Олимпын виртуал цуврал" /Olympic Virtual Series - OVS/-ыг Олон улсын спортын холбоодтой хамтран зохион байгуулахаар тохиролцлоо.
Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ноос спортын дижитал бодлогыг хэрэгжүүлэх, орчин үеийн цахим спортын өсөн нэмэгдэж буй хөгжлийн шаардлагыг хангах, өсвөр залуу үеийнхнийг өргөнөөр татан оролцуулах, олимпын уур амьсгалыг улам бүр өргөжүүлэн, цаашид өвөрмөцөөр шинэчлэн бүрдүүлэх зорилгоор уг цувралыг зохион байгуулж байгаа аж.
Энэхүү олимпын хууль ёсны лиценз зөвшөөрөл бүхий цоо шинэ цуврал нь 2021 оны тавдугаар сарын 13-нд эхэлж, зургадугаар сарын 23-нд өндөрлөх бөгөөд Олон улсын дугуй, урт сэлүүрт завь, автомашин, бейсбол-софтбол, дарвуулт завины холбоод эхний ээлжинд хамтрах юм байна.
Уг цувралд манай гаргийн цахим спорт, электрон тоглоомоор сонирхон хичээллэгчид өргөнөөр оролцож, олимпын талбарт өрсөлдөн, "ОУОХ-ны 2020+5" мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу биет ба биет бус дам хэлбэрээр тоглох болно.
Олон улсын дугуйн холбооны Ерөнхийлөгч Давид Лапартьен /Франц/ ОУОХ-ны Цахим спорт, тоглоомын ажлын хэсгийн зохицуулагчаар томилогдон, виртуал спортын ертөнц болон Олимпын хөдөлгөөний хамтын ажиллагааг нягт ханган ажиллахаа илэрхийлсэн байна. Мөн Олон улсын хөлбөмбөг, ширээний теннис, таеквондо, сагсан бөмбөгийн холбоод уг цувралын дараагийн шатанд нэгдэх тухай мэдэгдэл хийсэн байна.
Монголчууд аа, олимпын виртуал цуврал тэмцээнд идэвхтэй оролцоорой гэж Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ноос уриалж байна.