Энэ удаад Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Гүюг хааны захидлыг толилуулж байна.
Монголчуудын дипломат харилцааны эртний баримт бичиг. /1246 он, хуулбар эх/
Энэхүү захидал нь Пап ламаас монголчуудад 1245 оны 3 дугаар сарын 13-нд илгээсэн “Cum non solum” хэмээх захидлын хариу байв. Ромын төрийн элч Жон Плано Карпини 1246 оны намар их хаан Гүюгт бараалхаж Пап IV Иннокентийн захидлыг өргөн барьжээ. Ромоос ирүүлсэн захианд Гүег хааныг Христийн шашинд дагаар орохыг ятгасан байв.
Монголын талаас хариу бичгээ 1246 оны сүүл үеэр бичихдээ перс, латин хэлээр хөрвүүлж 20 см өргөн, 120 см урттай цардмал цаасан дээр бичиж хааны тамгаар хоёронтоо тамгалжээ.
Захидалд: “...Мөнх тэнгэрийн хүчин дор. Бүх аугаа их ард иргэдийн далай хааны зарлиг, зарлигийг минь шашны эзэн ухаартугай. Пап чи өөрийн биеэр бараалхахаар ир. Тэнгэрийн бошгоос гадна хэн ч үлдэж үл болно. Хэрвээ буруу санаа өвөрлөвөөс хэрхэхийг тэнгэр мэдмой...” хэмээн эрх сүрээ үзүүлсэн захидлыг илгээж байжээ.
Захидлын эх нь Ватиканы архивт “The Vatican Apostolic Library”-д хадгаладаж байгаа бөгөөд анх нэрт эрдэмтэн П.Пелио уншин судалсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат захидлын хуулбарыг 1998 онд Монголын Үндэсний музейд бэлэглэжээ.