Улсын дээд шүүх өнөөдрийн хуралдаанаараа хоёр АН-ын аль алинийг нь бүртгэхээс татгалзжээ. Ерөнхийлөгч Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшүүлэхийн тулд АН дүрмээ өөрчлөхөөр болж, энэ нь маргаан дагуулсан учраас тус нам хоёр хуваагдаад байсан юм. Бидний авсан мэдээллээр Улсын дээд шүүх УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн толгойлж байгаа АН-аас ирүүлсэн шаардлагыг хуульд нийцээгүй гэж үзсэн байна.
Харин М.Тулгатын толгойлж байгаа АН-ын зарим нэг бичиг баримтыг тодруулж, дахин хандах шийдвэр гаргасан мэдээ байна. Улсын дээд шүүх АН-ын дүрмийн өөрчлөлтийг огт хэлэлцээгүй байгаа. Энэ нь 2017 онд батлагдсан АН-ын дүрэм одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа гэсэн үг юм. Хэрвээ Улсын дээд шүүх СЕХ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх өдрөөс өмнө дахин хуралдаж чадахгүй бол С.Эрдэнийн тамгаа шилжүүлсэн М.Тулгатын толгойлсон АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулна гэсэн үг аж.
Дээд шүүхээс гаргасан албан ёсны мэдээлэлд “Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр болж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.8-д заасны дагуу зарим намуудын бүртгэлтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ.
“Хуралдаанаар Ардчилсан намын үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, тус намын хувийн хэрэг дэх мэдээлэлд өөрчлөлт оруулах буюу намын даргаар О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг тус тус бүртгүүлэх тухай хүсэлтүүдийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-т зааснаар намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан гэж үзэж, дээрх хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэв. Мөн Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хорооны гишүүдийн өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан үндэслэлээр хангахаас татгалзлаа.
Ард Түмнээ Хайрлая намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд тус намын 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Бага чуулганы хуралдаанаас Л.Аззаяаг намын даргаар сонгосон нь Улс төрийн намын тухай хууль болон тухайн намын дүрмийг зөрчөөгүй гэж үзэж, намын даргын өөрчлөлтийг бүртгэлээ.
Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай Иргэний Зориг Ногоон намын хүсэлтийг хэлэлцээд хангахаас татгалзаж шийдвэрлэв.” гэжээ.