МОНГОЛЧУУД ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭГ ОНОВЧТОЙ ХЭРЭГЖҮҮЛЖ, ИРГЭДЭЭ ДАРХЛААЖУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМТЭЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГААД БАЯР ХҮРГЭВ

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд, Элчин сайд нар Монгол, Оросын харилцааны зарим асуудлаар санал солилцож, цар тахлын нөхцөл байдалд хамтын ажиллагааны эрчийг сулруулахгүй хэвийн явуулах талаар ярилцав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-аас “Спутник-V” вакцины 1 сая тунг худалдан авах гэрээ байгуулсныг үндэслэн вакцин нийлүүлэлтийн хуваарийг тодорхой болгох, нийлүүлэлтийн үйл ажиллагааг шуурхай хэрэгжүүлэх нь чухал байгааг онцлов.

Элчин сайд вакцин нийлүүлэлтийг эрчимжүүлэх талаар онцгой анхаарахаа илэрхийлж,  Азид цар тахлын дөрөв дэх давалгаа эхэлсэн энэ үед Монгол Улсын Засгийн газар цар тахлын эсрэг хариу арга хэмжээг оновчтой хэрэгжүүлж байна. Иргэдээ богино хугацаанд эрчимтэй дархлаажуулж, хүн амынхаа тоонд харьцуулахад Азийн улс орнуудын дунд тэргүүлж байгааг тоон үзүүлэлтүүд харуулж байна гээд Ерөнхий сайдад болон Монгол Улсын Засгийн газарт баяр хүргэв.

Мөн Ерөнхий сайд, Элчин сайд нар Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож буйтай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг нарийвчлан гаргаж, энэ хүрээнд зохион байгуулах өндөр дээд хэмжээний айлчлал, уулзалтуудыг товлоход талууд анхаарахаар тохиролцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

 

 

Сэтгэгдэл бичих