Нийт хүн амыг дархлаажуулалтад хэзээ бүрэн хамруулж дуусах талаар иргэдээс ирж буй асуултад Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн хариуг хүргэж байна.
Тэрээр, вакциныг гадаад улсуудаас төлөвлөсний дагуу татан авч буй ч яриа хэлэлцээр амаргүй нөхцөл байдлын дунд явж ирж буйг тэмдэглээд, Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжүүлсэн хугацааг 14 хоногоор сунгасан хугацаанд вакцинжуулалтыг эрчимжүүлж байгааг онцоллоо.
Түүний мэдэгдсэнээр нийслэлийн нийт иргэдийг "COVID-19" халдварын эсрэг вакцинжуулалтын давтан тунд 5 дугаар сарын 5-ны өмнө хамруулж дуусгах, 5 дугаар сарын 8-нд нийт иргэдийн вакцинжуулалтын эхний тунг бүрэн хийж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
Аймаг, орон нутагт экспортын гол бүс нутаг хилийн боомттой аймгуудад вакцинжуулалтыг экспорт, имортын тасралтгүй үйл ажиллагааг хангах үүднээс хийж явахаа мэдэгдэж байна. Улмаар 6 дугаар сарын 1-нээс 7 дугаар сарын 1-ний хооронд улсын хэмжээнд хүн амын вакцинжуулалтыг дуусгахаар төлөвлөж буйг мэдэгдэж байна.
Одоогоор Монгол Улсад зорилтот бүлгийн 32 хувь нь нэгдүгээр тун, 8.6 хувь нь хоёрдугаар тундаа бүрэн хамрагдаад байна.
"COVID-19"-ийн эсрэг вакциндаа бүрэн хамрагдсанаас хойш 14 хоногт дархлаа тогтоно гэдгийг мэргэжилтнүүд хэлж буй. Вакцины хоёр тунгаа бүрэн хийлгэсэн ч вирусээр хөнгөн өвчилж, бусдад халдвар тараах эрсдэлтэй тул халдвар хамгааллын дэглэмээ тогтмол барих шаардлагатайг ЭМЯ анхааруулсаар байна.